Гадаад харилцааны сайд Л.Болд БНЭУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэгвэл Л.Болд эрхэм тус улсын Ерөнхийлөгч Пранаб Мүкержид бараалхжээ.
Гадаад харилцааны сайд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Монгол, Энэтхэгийн харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжийн талаар БНЭУ-ын Ерөнхийлөгчид товч танилцуулж, хоёр орны улс төрийн сайн харилцаа нь өдгөө ардчилал, хүний эрх, эрх чөлөөний хамтын үнэт зүйлсээр улам бэхжиж буйг тэмдэглээд цаашид бүс нутагт ардчиллыг түгээн дэлгэрүүлж, бэхжүүлэх нэгдмэл зорилтыг хэрэгжүүлэхэд БНЭУ-тай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байдгаа илэрхийлэв.
БНЭУ-ын Ерөнхийлөгч үүрэгт ажилдаа орсноос хойш монголын талаас хүлээн авч буй анхны өндөр хэмжээний зочин болох Монгол Улсын Гадаад харилцааны сайдыг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Хоёр орон газар нутгийн хувьд алс хол оршдог, хүн амын тоо харилцан адилгүй боловч бүс нутагт парламентын ардчиллыг сонгосон орнуудын хувьд ардчиллын үнэт зүйлс харилцаа хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг БНЭУ-ын Ерөнхийлөгч онцлов. Тэрээр хорь гаруйхан жилийн дотор парламентын ардчиллыг төлөвшүүлж, бүс нутгийн бусад улс оронд үлгэр жишээ болсон Монгол Улсын амжилтыг өндрөөр үнэлж, дэлхийн хамгийн том ардчилсан орны хувьд өөрсдийн туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа онцоллоо.
Мөн өдөр сайд Л.Болд АОХН-ийг даргалж байгаа орны Гадаад харилцааны сайдын хувиар БНЭУ-ын Гадаад хэргийн төрийн сайд Принийт Кауртай уулзав. Уулзалтын үеэр АОХН-ийн хүрээнд бүс нутагт ардчиллыг бэхжүүлэх, ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг БНЭУ-ын Ерөнхийлөгч хүлээн авч улмаар Дели хотноо Ардчиллын боловсролын асуудлаарх Азийн бүсийн бага хурлыг зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ.
Монгол, Энэтхэгийн харилцаа бүх салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгааг илэрхийлж, цаашид бие биеэ нөхсөн, харилцан ашигтай эдийн засгийн хамын ажиллагааг өргөжүүлэх нь “Иж бүрэн түншлэлийн харилцааг” бүрэн утгаар нь хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгтэй байгаагаа нотлов. Түүнчлэн хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа тодорхой төслүүд, тухайлбал Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль, Мэдээллийн технологи, аутсорсинг төв байгуулах зэрэг хамтарсан төслүүдийг урагшлуулах, мөн бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд харилцан бие биенээ дэмжиж ажиллахаар тохиролцов.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд БНЭУ-ын Иргэний агаарын тээврийн сайд Ажит Сингтэй уулзаж, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд агаарын тээврийн харилцаа чухал болохыг тэмдэглэв. Тиймээс энэтхэгийн талаас 5 дугаар эрхийг олгосон тохиолдолд, монголын талаас Хонконг, Бишкекээр дайрч Дели буюу бусад хот руу нислэг үйлдэх боломжийг судлан үзэх боломжтойг Гадаад харилцааны сайд уулзалтынхаа үеэр онцолж, энэ хүрээнд хоёр орны иргэний агаарын тээврийн байгууллагуудын ажлын хэсгийн уулзалтыг ойрын үед хэрэгжүүлэхийг санал болгов.
Гадаад харилцааны сайд мөн өдөр БНЭУ-ын Мумбай, Колкатта, Чинай хот болон Балба, Бангладеш Улсад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Дипломат албаны 100 жилийн ойн медалийг гардууллаа. Түүнчлэн энэ үеэр БНЭУ-ын Парламентын Дээд танхимын гишүүн хатагтай Нажма Хептуллатай уулзаж, бүс нутаг, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
Сэтгэгдэл ( 0 )