Монголын үндэсний бөхийн хөгжлийн асуудлаар даян аварга А.Сүхбат яриа өрнүүлсээр хэдэн сарын нүүр үзлээ. Тэрээр саяхан C1-ээр улсын начин Ц.Дуламсүрэнтэй хийсэн ярианыхаа үеэр спортын дэвжээнд гол өрсөлдөгч явсан Гэлэгжамцын Өсөхбаярын талаар ярьсан нь бөх сонирхогчдын чихний хажуугаар өнгөрсөнгүй.
Г.Өсөхбаяр бол улсын наадамд дөрвөнтээ түрүүлсэн бөх. Дээхнэ цагийн дүрэм, журмаар бол аль хэдийнэ дархан аварга цол хүртчих учиртай юм. Энэ талаар А.Сүхбат ний нуугүй ярьж үзэгдсэн.
“Г.Өсөхбаяр улсын наадамд дөрөв түрүүлсэн. Д.Цэрэнтогтох аварга дөрөв түрүүлээд дархан аварга цол хүртсэн түүхтэй. Харин Шаравын Батсуурь аварга бүр хоёр түрүүлж гурав үзүүрлээд дархан аварга цол хүртсэн. Тиймээс Г.Өсөхбаярт дархан аварга цолыг гарцаагүй олгох ёстой” гэж А.Сүхбат хэлсэн юм.
Зүлэг ногоон дэвжээнээ олон удаа таарч барилдан, үеийнхнээсээ түлхүү дээгүүр барилдаж, улсын наадмын түрүүг долоон удаа хүртсэн хоёр даян аварга эдүгээ цагт ийнхүү нэг нэгнийхээ төлөө үг хэлж суугаа нь бөх сонирхогчдын сэтгэлд ихэд нийцсэн биз ээ.
Монгол бөхийн түүхэнд далай аварга цол гэж байгаагүй. Гэтэл яагаад ч юм орчин цагийн бөхчүүдийг тав түрүүлж байж дархан аварга болгох хууль гарчихсан. Эсвэл Б.Бат-Эрдэнэ аваргаас хойш дархан аварга төрөх ёсгүй юм болов уу гэсэн сэтгэгдлийг ч энэ нь түрүүлж байгаа билээ.
Гурван хүү төрүүлж өсгөсөн эхийг дархан бэр боллоо гэж монголчууд хүндэлдэг. Гэтэл дөрвөнтээ түрүүлчихээд байхад нь эдүгээ хүртэл даян аварга дээр сойсоор байгаа нь үндэсний бөхийн орчин цагийн нэгэн гажуудал болоод байгаа юм.
Олон цол олгож, даваа бүрийг үнэлсэн хэрнээ улсад дөрөв түрүүлчихсэн хүнийг урьд цагийнхаас нь доогуур үнэлээд байна гэдэг орчин цагт байшгүй зүйл байлтай.
Г.Өсөхбаяр саявтархан өгсөн нэгэн ярилцлагадаа “Би заавал дархан аварга болох ёстой гэж зүтгэхгүй” хэмээн өгүүлсэн нь байсан. Гэхдээ л бөх хүн зөвхөн цолны төлөө барилдаж, цол л тэмцлийнх нь оргил цэг болдог билээ. Тиймээс наадмын дэвжээнээ өдий хүртэл зодоглосоор буй Гэлэгжамцын Өсөхбаярт А.Сүхбат ч дархан аварга цолыг нь өгөх ёстой гэж үздгээ өгүүлсэн биз ээ.
Одоо цагийн бөхчүүд яагаад урьд цагийн бөхчүүдээс илүү олон давааг давах ёстой гэж? Б.Бат-Эрдэнэ улсын наадамд гурав, Нууц товчооны 750 жилийн ойд зориулсан даншигт түрүүлээд дархан аварга цол хүртсэн түүх бий. Б.Бат-Эрдэнэ аварга тэгэхээр жилдээ хоёр түрүү хүртэж, цолоо хоёрантаа ахиулж үндэсний бөхийн дээд цолд хүрсэн хэрэг. Түүнээс хойш Монгол улсад дархан аварга цолтон төрөлгүй 22 жилийн нүүр үзлээ. Өндөр аваргад тавьсан хэтэрхий өндөр босгыг буулгаж, уламжлалаа дагахыг бөх сонирхогчдын дийлэнх нь хүсэх биз ээ.
Р.Гэгээ
Сэтгэгдэл ( 0 )