Нефтийн салбарыг төр атгасан ч..

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

Хойд хөршөөс бараг зуун хувь хамаарсан түлшний хэт хамаарлаас ангижрах санаа байвч, сачий нь хүрэхгүй явж ирсэн он жилүүдийг эцэслэхийн тулд төр өөрөө энэ салбар дахь гол тоглогчийн дүрээр ирэх нь бололтой байна.  Уул уурхайн сайдын Спикерт өргөн бариад байгаа  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн үндсэн агуулга нь ийм аж. Хууль санаачлагчдын үзэж буйгаар газрын тосны бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай хангах, үнийн тогтвортой байдлыг хадгалах, хараат байдлаас гарах, цаашдаа газрын тосны бүтээгдэхүүний стратегийн ач холбогдолтой, эдийн засгийн суурь үнийг бүрдүүлэгч болохын хувьд энэ төрлийн худалдааг төрийн хяналт, зохицуулалттай байлгах зорилгоор бүх төрлийн шатахууны импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх үйл ажиллагааг нэгдсэн нэг тусгай зөвшөөрөлтэй болгож шаардлагатай журмыг төрийн захиргааны төв байгууллага баталж, мөрдүүлдэг болгохоор төсөлд тусгасан гэж байна.

Тэгэхээр одоогийн хуулиар бол шатахууныг зөвхөн бөөнөөр худалдаалахад тусгай зөвшөөрөл олгож байгаа нь түлшний салбар дахь төрийн оролцоо хумигдмал байгааг харуулж байгаа хэрэг болж байна. Ер нь бол хэт хамаарахын хэрээр хүчгүйдэж, орос нөхдүүд бусад орнуудад нийлүүлдэг үнээсээ 300 ам.доллараар илүү үнээр түлш нийлүүлээд байхад нь авахгүй гээд гэдийгээд байж чадахгүй байгаа манай тухайд төрийн зөв зохицуулалт зайлшгүй гэдэг талаар байр сууриад цөөнгүй. Тэрчлэн манай нөхдүүд толхилцох бус тохиролцох талаас нь оросуудтай ярихдаа Роснефтьтэй бус Кремльтэй ярилцдаг.  Ерөөс түлшний асуудлыг цэвэр зах зээлийн зарчимаар нь явуулах тийм сайхан боломжийг Оросууд манайд олгодоггүй. Тиймээс ч  Оросуудын зүгээс санаатай, санаандгүйгээр үзүүлсэн удаа дараагийн хомсдолд туйлдсандаа төр, төртэйгөө тулсан нь дээр юм байна гэж бууж өгөх хандлага давамгайлаад байгаа гэхэд болох юм.

Гэхдээ энэ бол нэг тал нь. Үнэн хэрэгтээ нефтийн салбараа эрхшээлдээ оруулах гээд байгаа төр өөрөө л Оросуудтай тулж байгаа шүү дээ. Мэдээж  оргүй хоосон бус баялагтай, газар нутгийн хувьд хоёр том хөршийнхөө дунд нь байдгийн хувьд тодорхой зарим асуудлууд дээр Оросуудын өөдөөс үгүй гэх үгийг хэлчихээд байдгийг дурдахгүй байж яаж болох билээ.

Оросууд манай  газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдааны зах зээлд Роснефть тэргүүтэй өөрийн компаниудаа  оруулж ирэх хүсэлтээ тавиад бүтэлгүй хариу дуулсан нь арав гаруйхан хоногийн өмнөх асуудал. Манай тал “Газрын тосны бүтээгдэхүүний” тухай хуульд Монголын газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд 30-аас дээш хувь нийлүүлж байгаа гадаадын компаниудыг орохыг хориглосон, түүнчлэн Монголын “Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль”, “Өрсөлдөөний тухай” хуулийн заалтууд зөрчигдөх учраас боломжгүй гэсэн хариултыг тэдэнд өгөөд явуулсан. Эргүүлээд Оросуудаасаа юм гуйчихсан.

Жил бүр Монголд 1.2 сая тонн хүртэл газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлээч ээ.. Бид газрын тос боловсруулах үйлдвэр барих төлөвлөгөөтэй байгаа учраас  2 сая тонн хүртэл түүхий тос бас нийлүүлээч ээ.. Тэгээд бас Роснефть компанийн нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний үнэ бүрдэлтийн талаархи асуудлыг авч хэлэлцэх хэлэлцээрийг эхлүүлээч ээ гэж гуйсан. Харин Оросууд судалж үзье гэдэг эвтэйхэн хариултаа өгсөн. Тэгээд юу боллоо. Уул уурхайн Дэд сайд бусад нөхдүүдийн хамт Москваг зориод, гурван талтай чухал уулзалт хийгээд ирсэн. Бас л тохиролцох талаас нь ярьсан. Монголын уул уурхайд хөрөнгө оруулах боломж Оросуудад нээлттэй гэдгийг бататган дуулгаад ирсэн. Мөн газрын тосыг дотооддоо боловсруулах үйлдвэр байгуулахдаа тэдэнтэй хамтарч болох тухай албан ёсоор дуулгасан нь харин Оросуудад овоо таалагдсан янзтай.. Энэ асуудлыг илүү анхаарч авч үзнэ гэсэн байна билээ. Тэгэхээр төр нэг ийм маягаар зохицуулалтаа хийгээд явнаа л гэсэн үг. Хэрэв тэгээд боловсруулах үйлдвэрээ Оросуудтай хамтраад байгуулах юм бол түлшний хараат байдлаа нефтийн хараат байдлаар солих нь гэх сэрэмжлүүлэг илүү өөр маягаар яригдаж эхлэх биз ээ.

Э.Болорхажид

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top