Монголын өр нэмэгдэхүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 23

Манайхан өрийн бичиг гаргаад баярлаад хуваагаад жигтэйхэн. Одоо түрүүчийн чинь балай ажлын гор нь гарч өрөнд орж эхэлж байна. МАН, АН хоёр Монголыг ёстой алж байна. Энийгээ монголын ард түмнээс нууна гэвэл ёстой горьдсоны чинь гарз. Ингээд тэнэг ард түмэн минь “шинэ” бонд хуваахаасаа өмнө ямар өртэй болж байгаагаа мэдэж авцгаа…

Та бүхэн канадын Khan Resources гэж сонсоо л байлгүй. Тэр чинь Монголын Засгийн Газартай заргалдаад удаа дараагийнхаа заргыг авсаар л байна. Нэхэж байгаа мөнгө нь яг одоогийн байдлаар 326 сая доллар болж байгааг канадууд өчигдөр мэдээлэв. Энэ асуудлыг Олон улсын арбитражийн шүүх 2013 оны 11 дүгээр сард хэлэлцэж, 2014 оны эхний хагаст багтаан шийднэ гэж канадын энэ компани пресс-релиздээ дурдаж байна.

Манай Дорнод аймаг дахь ураны орд газрын хайгуул, ашиглалттай холбоотойгоор уг маргаан дэгдсэн юм. Канад компани “Монголын Засгийн Газрын зүгээс эрх зүйн эсрэг бодлого явуулсан” тухай 2011 оны 1 дүгээр сард олон улсын арбитражийн шүүхэд хандсан юм.

Энэ оны 7 дугаар сард Khan Resources шүүхийн эхний шатанд ялалт байгуулснаа зарлаж байсан юм. Харин дөнгөж сая энэ 12 дугаар сарын эхээр канадын тал арбитрийн шүүхэд нийт есөн боть янз бүрийн материал, түүний дотор бие даасан шинжээчдийн дүгнэлт шилжүүлсэн байна. Энэ дотор нь юу байгаа бол гэхээс үзээгүй ч гэсэн дотор муухай болж байгаа юм чинь.

Эхлээд канадууд 200 сая доллар нэхэж байсан юм. Одоо бол 326 сая болчихож. Энэ нь тэд ихээхэн итгэлтэй байгааг харуулж байна. Монголын ураны орд газраас хөөгдсөн 2009 оноос хойш хүү бодож байгаа юм гэнэ.

Khan Resources олон улсад ингэж манаргахаас гадна канадын шүүхэд оросын ураны холдинг “Атомредметзолото”-г (Росатомын бүтцийн АРМЗ гэдэг) өгсөн байна. Бас л монголын уран ордтой холбоотой асуудлаар.

Уг нь бол монголын ураны энэ ордыг хамтран ашиглахаар Khan Resources 58 хувь, АРМЗ 21 хувь бүхий хамтарсан үйлдвэр байгуулсан юм.

Тэгсэн чинь манай аваргууд оросуудтай нийлж байгаад орос монголын бас нэг хамтарсан үйлдвэр байгуулаад Khan Resources-ыг хөөчихөөд өмнө нь өгсөн бүх лицензээ хүчингүй болгоод хаяхгүй юу. Ингээд Khan Resources оросуудаас 300 сая доллар нэхэж байгаа юм байна. Орос ч яахав, том улс өгдөг л байгаа юм биз. Манайхан ч канад канад гэж мөн ч их далжигнасан даа. Тэдний нэг их гийгүүлсэн юмыг би л лав олж харахгүй байна. Алин байлаа ч гэсэн хамаг холион бантанг манай аваргууд хутгасан нь ямар ч эргэлзээгүй.

Одоо тэгээд манай энэ их өрийг яахийм, хэн хариуцахийм ?!

Энэ асуудлыг “мартуулчихаад” шинэ өрийн бичиг гаргаад балайраад байх чинь дэндүү шившигтэйгээс гадна дэндүү аюултай байна. Та нар энэ талаар таг дуугай болохыг чинь мэдэж л байна. Дуугай байгаад өр дардаг гэж л байхгүй. Өмнөхөө муулаад ч хэрэггүй.

Та нар бүгдээрээ нийлж иддэг бөгөөд идэж байгаа, бас бүгдээрээ нийлж балайруулдаг бөгөөд балайруулж байгаа. Та нар Монгол Улсыг хөнөөгчид мөн. Энэ бол хөдөлбөргүй үнэн. Гэхдээ энэ цаг чинь удахгүй. Энэ бол бас л хөдөлбөргүй үнэн.

 
Судлаач Х.Д.Ганхуяг  www.ganaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.10.23.121) 2015 оны 03 сарын 05

Би яахав янз бүрийн л юм бодож харийн хүмүүсд дургүй минь хүрч л байна Хүчтэйн дэргэд хүч үгүй нь буруутай гэдэг л болоод байна уу даа Өөрсөдийн үр хүүдүүдээ буруутай гээд цохиж алдаг эцэг эх хаанаас байх вэ

0  |  0
Top