Жил бүрийн нэгдүгээр сард Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо чуулж дэлхийн хэмжээний эдийн засгийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлдэг 42 жилийн түүхтэй “Дэлхийн эдийн засгийн форум”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож байна. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг санаачлан зохион байгуулагч, профессор Клаус Швабын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ийнхүү гуравдахь удаагаа оролцож байгаа юм.
Энэ удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас ШХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, байнгын төлөөлөгч Л.Оргил, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын албаны хүмүүс оролцож байгаа юм.
“Хямралын эсрэг хамтдаа” уриан дор “Дэлхийн улс орнуудыг чадавхжуулахуй” сэдвээр зохион байгуулагдаж буй энэ жилийн Давосын чуулганд 100 гаруй орныг төлөөлсөн 1400 орчим байгууллагын нийт 2500 гаруй нийгэм,улс төр, бизнес, шинжлэх ухааны салбарын төлөөлөгчид, тэр дундаа 40 гаруй орны төр засгийн тэргүүн хүрэлцэн ирээд байна.
Нэгдүгээр сарын 23-27-нд зохион байгуулагдах Форумын хүрээнд 200 гаруй уулзалт, семинар болно.
Сэтгэгдэл ( 0 )