Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон худалдааны төв, зах, дэлгүүрийн удирдах хүмүүс, төлөөлөл болох 20 гаруй түрээслэгчидтэй ШӨХТГ-ын дарга О.Магнай, Өрсөлдөөн зохицуулалтын хэлтсийн дарга Л.Ган-Өлзий, Монгол банкны Мэдээлэл статистикийн газрын дарга Х.Мөнхбаяр нар уулзлаа. Тэдгээр эрхмүүд үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ буюу үнэ тогтворжуулах гарц юу байж болох талаар ярилцав.
О.Магнай эрхэм хэлэхдээ “Олон жилийн дунджаас үзэхэд манай улсад оны эхний 1-4 сарын үед бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй нэмэгдэж, жилийн өсөлтийн 70-80 хувийг эзэлж байна. Үүнд нөлөөлдөг хүчин зүйлийн нэг нь түрээслэгчдийн түрээсийн гэрээ жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс эхэлдэгтэй холбоотой судалгаа бий. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн ашиг орлогоо тооцоод, үнийн өсөлтийг түрээсийн гэрээнд тусгадаг. Ингэхээр үнэ өсөх шалтгаан болж, ард иргэдэд баяр ёслолын өмнө дарамт учруулдаг юм байна. Баярын өмнө хэрэглэгчдийн худалдан авалт, зайлшгүй худалдан авах сэтгэл зүйг далимдуулж үнэ нэмэх шалтаг, шалтгаан хайдаг болох нь ажиглагдаад байгаа юм. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тухайн жилийн түрээсийн гэрээг жил бүрийн зургадугаар сарын 1-нд хийх боломж бий юу. Монгол Улсын жилийн инфляцийн түвшин 10-15 хувьд хүрч байгаа гэхээр нийт эдийн засаг 10 триллион төгрөг болдог. Үнийн өсөлтийн улмаас жилдээ иргэдийн халааснаас 1,5 триллион төгрөг “хулгайлж” байна гэсэн үг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 70-80 орчим хувь нь импортоор орж ирдгийг та бүхэн мэдэж байгаа. Үнийн зохицуулалтад мэдээж төр засаг оролцох боломж байхгүй. Тийм болохоор эх оронч сэтгэл гарган түрээсийн гэрээгээ зургаадугаар сарын 1-нээс хийвэл ямар вэ гэдгийг уриалж байна гэлээ.
ШӨХТГ-ын гаргаж байгаа тус уриалгыг зөвшөөрч буйгаа түрээслэгч нар илэрхийлж байсан. Гэхдээ түрээсийн үнийг дуртай үедээ нэмдэг гэсэн яриаг үгүйсгэж байсан юм. Тухайлбал “Нарантуул” захын түрээсийн үнийг 1999 оноос хойш нэг ч удаа нэмээгүй байж байгаад өнгөрсөн оны долдугаар сард 10-20 мянган төгрөгөөр нэмсэн нь бараг “түүхэн”-дээ анх удаа гэж хэлж болно” гэж тус захын төлөөлөгч хэлж байсан. Мөн Хүчит шонхор, Да Хүрээ, Баянзүрх захын удирдлагууд ч үндэслэлгүйгээр үнэ нэмдэггүй гэдгээ дахин дахин учирлалаа.
Харин Монгол банкны Мэдээлэл статистикийн газрын дарга Х.Мөнхбаяр дараах байр суурийг илэрхийллээ.
“Монгол банкнаас Засгийн газартай хамтраад нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт эрэлтээсээ өндөр гарснаар инфляци бий болдог. Түүний эсрэг мөнгөний бодлогын хүүгээ өсгөх арга хэмжээг өмнөх жилүүдэд авч байсан бол өнгөрсөн оны 10 сараас Засгийн газартай дөрөв, таван хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд инфляцийн хүчин зүйлүүдийг эрэлт болон нийлүүлэлтийн гаралтай гэж хуваагаад зах зээлийн механизмыг сайжруулах, үнийн дарамтыг бууруулах замаар нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулж болно гэж үзэж байгаа. Нийлүүлэлтийн гаралтай инфляцид нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь түрээсийн үнэ болоод гэрээний асуудал юм. Түрээсийн гэрээг оны эхэнд байгуулахаар үүсэх сөрөг үр дагавар, дарамт нь оны эцэс хүртэл үргэлжилдэг. Тиймээс бүх зүйлийг оны эхэнд төлөвлөхөө болиод жилийн дунд үеэр гэрээгээ байгуулах саналыг түрээслүүлэгчдэд гаргаж байгаа юм. Тиймээс цаг хугацааны хувьд эдгээр хүчин зүйлийг зөрүүлэх арга хэмжээ авч болно“ гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )