Зам барих ажлыг орон даяар эхлүүлчихвэл ажилгүй иргэд орлоготой болно гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24

Стандартчиллын үндэсний зөвлөлөөс “Хөдөлгөөний эрчим багатай хэсэгт зам барих” MNS үндэсний стандартыг баталсан. Тэгвэл шинээр батлагдсан стандартаар авто замыг хямд өртгөөр барихаас гадна нийслэлийн болон орон нутагт байгаа ажилгүй иргэдээ хэрхэн ажилтай болгох вэ гэдэгт хариулт өгөхүйц сургалтыг Зам, тээврийн яам, Япон улсын “ЖАЙКА” байгууллагатай хамтран зохион байгууллаа.

Уг сургалтад Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг, нийслэлийн болон орон нутгийн удирдлагууд оролцсон юм. Япон улсын “ЖАЙКА” байгууллага судалгаагаар хөдөө орон нутаг, гэр хорооллын оршин суугчдад боловсронгуй хучилттай хэрэглээний зам барих хэрэгцээ өндөр байгааг нэгэнтээ тодорхойлсон билээ. Энэ дагуу Монгол, Японы Засгийн газрын хоорондын зөвшилцлөөр Өвсний үндэс Техник туслалцаагаар хэрэгжүүлэх “Гэр хорооллын амьдрах орчинг сайжруулж Монгол орны хөдөлгөөний эрчим багатай хэсэгт хучилттай зам барих” төсөл 2004 оноос хэрэгжиж эхэлсэн.

Хөдөлгөөний эрчим багатай хэсэгт зам барих” MNS үндэсний стандартыг баталсны дагуу дээрх төслийн технологийн дагуу барих зам нь өртөг хямд байхаас гадна ажилгүй иргэдийг зам барих ажилд татан оролцуулах, мэргэжлийн дадлага туршлагатай ажилчдыг бэлтгэх боломж бүрдэж байгаараа ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, нийслэл орон нутгийн удирдлагууд “Хөдөлгөөний эрчим багатай хэсэгт зам барих” ажлыг орон даяар эхлүүлснээр ажилгүй иргэдээ орлоготой болгох, цаашлаад иргэдийн эрүүл, ая тавтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх тулгамдсан асуудлаа давхар шийдэх аж.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top