Гадаад худалдааны эргэлт буурчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 25

 

Гадаад худалдааны эргэлт өнгөрсөн сарын эцэст 11,123.5 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3 хувиар буюу 292.4 сая ам.доллараар буурчээ. Үүнд импорт 140.5 сая ам.доллараар өссөн ч экспорт 432.9 сая ам.доллараар буурсан нь нөлөөлөв.

Жилийн өсөлтийн хурд өнгөрсөн оны мөн үеэс 88 нэгж хувиар буурсан бөгөөд үүнд импортын жилийн өсөлт 75 нэгж хувиар, экспортын жилийн өсөлт 99 нэгж хувиар буурсан нь нөлөөлжээ.

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 53% буюу 5,854.7 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 17% буюу 1,928.0 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийсэн байна. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 8%-иар буурсан бол ОХУ-тай хийсэн худалдаа 12%-иар өсчээ.

Мөнгөн дүн 2012 оны эхний 12 сарын байдлаар 2,354.3 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 32%-иар буюу 573.4 сая ам.доллараар буурчээ. Энэ нь импорт 2%-иар өсч, экспорт 9%-иар буурсантай холбоотой байна.

Экспорт, импортын жилийн өсөлтийн зөрүүг 3 сарын шаталсан дунджаар (moving average) авч үзвэл 2012 оны 9 дүгээр сараас аажмаар багасч, хугацааны эцэст –8%-тай гарсан. Экспорт, импортын жилийн өсөлтийн хурд 2011 оны 10 дугаар сараас хойш буурсан хэвээр байна.

Валютаар төлбөр тооцоог нь гүйцэтгэсэн худалдааны тэнцэл нь төгрөгийн валюттай харьцах ханшинд нөлөөлдөг суурь үзүүлэлт юм.

Энэхүү үзүүлэлт 2012 оны эхний 12 сард  -1,518.7 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3.0 дахин өсчээ. Үүнд валютын төлбөртэй импортын дүн экспортын дүнгээс 22.1 нэгж хувиар их буюу 13%-иар өссөн нь нөлөөлөв.

Монгол Улсын гадаад худалдааны нөхцөлийн индекс /2000 суурьтай/ тайлант хугацааны эцэст 1.355-д хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23%-иар буурлаа. Үүнд нефтийн бүтээгдэхүүний импортын үнийн өсөлт болон экспортын түүхий эдийн үнийн бууралт голлон нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top