Барьцаа төлбөрөө 7000 хүн буцаан авчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 25

ШӨХТГ нь үүрэн холбооны оператор компаниудтай нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцох ажлыг энэ оны гуравдугаар сарын нэгнээс, дараа төлбөрт хэрэглэгчээс авсан барьцаа төлбөрт хүү тооцох, сайн түүхтэй хэрэглэгчийн барьцаа төлбөрийг буцаан олгох асуудлыг 2012 оны 11-р сарын нэгнээс хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ.

Одоогоор Юнител компанийн хувьд олон жил төлбөрөө хугацаанд нь төлсөн хэрэглэгчдийн, болон тэдгээрийн барьцааг үе шаттайгаар чөлөөлөх судалгаа хийгдэж байгаа бол Скайтел компани нь барьцаа төлбөргүй Nice үйлчилгээг нэвтрүүлэн барьцаа төлбөрийг хэрэглээний төлбөрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд 10 жил түүнээс дээш жил хэрэглэсэн хэрэглэгчдийн барьцаа хөрөнгийг шилжүүлэх ажил яг одоогоор хийгдэж байгаа юм байна. Харин Мобиком компани 10 ба түүнээс жил ашиглаж буй хэрэглэгчийн барьцаа төлбөрийг буцаан олгож байна. Одоогоор 7000 хэрэглэгч хүү тооцуулан аваад байна. Мөн ХХБ-тай хамтран гаргасан төлбөрийн картыг авч хэрэглээнээс хамаарсан урамшууллуудыг авахаас гадна барьцаа төлбөрөө тухайн картын дансанд байршуулан хүү тооцуулан авах боломжтой болж байгаа юм байна. Жи Мобайл найдвартай хэрэглэгчдийг шүүж барьцааг нь буцаан өгч эхэлсэн ба 9311 серийн дараа төлбөрт хэрэглэгчийн 79 хувь нь барьцаагүй болсон байна. Харин секундээр тооцох алхмын хувьд бүх үүрэн холбооны оператор компаниудын хувьд 3 дугаар сарын нэгний өдрөөс нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top