Улсын төсвийн хөрөнгө оруулалтад аудит хийлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Сангийн сайдын тушаалаар баталсан “Улсын болон орон нутгийн төсөв тэдгээртэй адилтгах хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламж, их засвар, худалдан авах тоног төхөөрөмжийн хөрөнгийг төлөвлөх, гүйцэтгэл гаргах, санхүүжүүлэх, хяналт тавих журам”-ын хэрэгжилт болон улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын арга хэмжээний санхүүжилтийн үйл ажиллагаа, мэдээ, тайлан тэнцэлд тусгасан байдалд 2012 оны эхний 9 сарын байдлаар Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас дотоод аудит хийжээ.

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн гүйцэтгэлийг шалгаж баталгаажуулан санхүүжүүлсэн байдалд дотоод аудит хийгджээ. Сангийн сайдын 135-р тушаалаар баталсан журмын 3.4-д заасан бүрдүүлэх материалуудыг үндэслэн эрх нээсэн байдал, санхүүжилтийг олгосон байдалтай түүврийн аргаар 85 төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийг сонгон аудит хийсэн аж.

Мөн улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлж дуусах төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцыг Эрүүл мэндийн сайдын багцын 56 төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн хувьд дотоод аудит хийж судлан холбогдох дүгнэлтийг гаргаж тус яамны Дотоод аудитын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох шийдвэрийг гаргуулсан байна.

Дотоод аудитаар илэрсэн зөрчил, дутагдлуудыг арилгах, цаашид төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, хариуцлага хяналтыг сайжруулах зорилгоор тус яамны холбогдох газруудад зөвлөмжийг хүргүүлжээ. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн явц дахь хяналтыг сайжруулах талаар Төсвийн ерөнхийлөн захирагчдад албан бичиг болон дотоод аудитын үр дүнгийн талаарх товч танилцуулгыг хүргүүлж ажилласан аж.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top