Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичийн дарга Г.Цогтсайхан Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад ажлын айлчлал хийж байна.
Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан Британийн Парламент дахь Британи, Монголын Парламентын бүлгийн дарга Эндрью Розинделлтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцжээ. Уулзалтад Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл байлцсан байна.
Г.Цогтсайхан Монгол Улсын Засгийн газар улс орныхоо эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурдаад Монгол, Британийн улс төрийн найрсаг харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт өргөжүүлэх, тухайлбал, Монгол оронд уул уурхайн боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, нар, салхины эрчим хүчийг ашиглах, экологийн цэвэр хүнс бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах боломж байгаа талаар ярьжээ.
Британийн Парламент дахь Британи, Монголын Парламентын бүлгийн дарга Э.Розинделл өөрийн тэргүүлдэг бүлгийн үйл ажиллагааг танилцуулсны дээр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд таатай боломж нээгдэж байгааг онцлон дурдаад Британийн парламентын зүгээс авч хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар санал бодлоо тайлбарлан ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )