Энэ оны төсөвт эдийн засгийг бодитоор 18.5 хувиар тэлж, ДНБ-ий хэмжээг 17.6 их наяд төгрөгт хүрэхээр тооцоолсон. Эдийн засгийн энэхүү өндөр өсөлтийг нийт экспорт 78 хувиар огцом нэмэгдэх, мөн уул уурхайн олборлолт 60 хувиар өссөнөөр бүрдүүлэхээр таамаглаад байгаа. Харин эдийн засгийн өсөлтийг ингэж өндөр тооцоход гол тулгуур болсон зүйл нь Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой юм. Тухайлбал, уул уурхайн үйлдвэрлэл болон экспорт нэмэгдэнэ гээд байгааг нь Эрдэнэс Тавантолгой ХХК энэ онд нүүрсний олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн прогнозтой холбоотой. Гэтэл одоогийн нөхцөл байдлыг нь харахад амаргүй байгаа билээ. Харин Оюутолгойн тухайд энэ онд 382 мянган тонн зэсийн баяжмал, 424 мянган унци алт, 802 мянган унци мөнгө үйлдвэрлэхээр төлөвлөгөөтэй байгааг тусгасан.
Гадаад худалдааны тэнцэл сайжирна гээд байгаа тооцооллыг нь аваад үзэхэд нийт экспорт 78 хувиар нэмэгдэхээр байна. Харин импорт дөнгөж 17 хувиар өсөхөөр тооцоолжээ. Гол нь Оюутолгой болон Эрдэнэс Тавантолгойгоос гарах ашигт малтмалын үйлдвэрлэл нь экспортыг өсгөх гол хүчин зүйл болохоор прогноз бий. Нийт импортын өсөлтөд Эрдэнэс Тавантолгойн үйлдвэрлэл тэлж байгаа нь, мөн томоохон хэмжээний дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбоотойгоор барилгын материалын болон тоног төхөөрөмжийн эрэлт нэмэгдэнэ гэсэн тооцоолол байгаа юм.
За ямартай ч төсвийг тулах ёстой гол тулгууруудын нэг Эрдэнэс Тавантолгойгоос орж ирэх орлого тасалдаад байвал төсөвт багагүй асуудал үүсч болзошгүй юм. Магадгүй, төсвөөс гадуурх санхүүжилт шаардсан хөтөлбөрүүд рүү оруулна гэж байсан бондын мөнгө төсвийн өмнөөс зарцуулагдаж ч болох юм.
Сэтгэгдэл ( 0 )