”Хий”- г хий мөрөөдсөөр байгаа юм биш биз..

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

Бидэнд шатаах нүүрс бий. Гэхдээ дэлхий нийтийн  эрчим хүчний эх үүсвэрүүдийн тэргүүлэгч болж мэдэх байгалийн хийг шатааж болох тухай яригдаад багагүй хугацаа өнгөрчээ. Хэдийгээр сүүлийн үед  байгалийн хийн эрэлт буурч байгаа гэгдэх болсон ч энэ нь цаг зуурынх бөгөөд  2030 он гэхэд байгалийн хийн эрэлт дэлхий дахинд 50 хувиар нэмэгдэх прогноз бас бий. Газрын тосны ордод газрын тостой хамт, эсвэл дангаараа хийн орд, мөн нүүрсний ордод нүүрсний хий байдлаар тохиолддог эл шатах ашигт малтмалыг бид  хэрэглээндээ өргөнөөр нэвтрүүлчихвэл утаа, агаарын бохирдол зэрэг удаан жилийн тэмцэл өрнүүлээд байгаа асуудлуудаа шийдчих боломж нээгдэх талаар ч мэргэжилтнүүд хэлдэг. Гэвч байгалийн хийн батлагдсан нөөц гээд яривал төдийлөн юм дуулддаггүй манай улсын тухайд хойд хөршөөс урд хөрш рүү татах байгалийн хийн хоолойг нутаг дээгүүрээ дамжуулж, улмаар тэрхүү транзитаас орлого олж  бас хөдөлгөж дийлэхгүй байгаа төслүүддээ шаардагдах эрчим хүчний эх үүсвэрийн тодорхой хэсгийг шийдчихвэл аштай юу.. Гэхдээ энэ нь бидний санаснаар болох асуудал биш ээ. Ямартаа л манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод Сибирийн Алтайн бүс нутгаас Хятад руу тавих  “Алтай” хийн хоолойг Монголын нутгаар  дамжуулах нь эдийн засгийн үндэслэлтэй гэдэг зүйлийг Оросын талд хэлсэн ч, цаадуул нь нааштай хүлээж аваагүй. Оросуудын зүгээс илэрхийлж буй байр сууриар бол тэдний хийн хоолойг Монголын нутгаар дамжуулахыг татгалзаж байгаа тал нь БНХАУ гэж байгаа юм. Учир нь Оросууд Украины нутгаар дамжуулан Европ руу хийн хоолой татсаны горыг хоёр тал хоёулаа амссан шиг зүйл давтагдах вий гэхээс Хятадууд болгоомжлоод байгаа гэнэ. Тэдний болгоомжлолоор бол Монголчууд газар нутаг дээгүүрээ хоолой дамжуулчихвал эргээд тэрийгээ улстөрийн зорилгоор ашиглаж болзошгүй гэж үзэж байгаа гэнэ. Мөн нөгөө талд Оросуудад илүү давуу тал үүсэх гээд байгааг ч тэд мэдэж буй. Учир нь Оросууд Европ руу бас Зүүн хойд ази руу хийгээ урсгаад байх гарцыг зэрэг нээх гээд байгаа юм. Тэгэхээр Хятадуудын хувьд энэ мэт  сэрэмжлэх шалтгаан бий тул манай тухайд байгалийн хийн буянаар ашиг хүртэх асуудал хол л харагдана.

Ерөөсөө эл асуудлаар биднээс өмнө хоёр хөрш маань л тохиролцоно гэдэг нь үнэнд нийцэж таарч байна. Гэтэл Орос, Хятад хоёр хий нийлүүлэх үнэн дээрээ тохиролцож чадахгүй 4 жил гацсаны дараагаар сая нэг ахиц гарсан нь Оросоос Хятад руу татах хийн хоолойг барьж байгуулах зардлын 40 хувийг урьдчилан төлөхийг Хятадын талаас албан ёсоор хүссэн явдал болсон юм. Тэгэхээр тэд бас ойлголцоод урагшлаад байгаа харагдана.

Ер нь бол манай хойд хөрш Орос байгалийн хийгээ стратегийн гэж жичлэн үзэж дэлхий дахинд тоглолт хийж ирсэн. Тус улс Зүүн хойд азийн  орнуудыг чиглэсэн байгалийн хийн нийлүүлэлтээ улам нэмэгдүүлэхийн зэрэгцээ Европын зах зээлд  голчлон ноёрхохыг ч чухалчилсан. Тиймээс ч Европын холбоо  Оросын хэт хамаарлаас болгоомжилж буй талаар шинжээчид тэмдэглэх болсон биз ээ.

 Ковыктагийн байгалийн хийн ордыг эргэлтэд оруулах төлөвлөгөөтэй Оросууд дундад азийн орнуудын нөөцөнд эзэн сууж, зарцуулж байгаа. Тэрчлэн муу дураа хүрвэл байгалийн хийнийхээ шоо метр тутмын үнийг нэмчихдэг  болсон нь  Европын холбоонд таалагдаагүй явж ирсэн. Тиймээс ч байгалийн хийн нөөцөөрөө Оросын дараа бичигдэж буй Иран улс Ирак, Сири улсуудтай  хий дамжуулах хоолой  байгуулах тухай гэрээг үзэглэсэн нь Европын орнуудад ашигтай болсныг, Оросын хэт хамаарлын эсрэг үйл явдал болсныг ажиглагчид тодотгож байсан.

Гэхдээ одоо Оросын хандлагыг харахад Европ, Зүүн хойд азийн аль алиных нь байгалийн хийн зах зээл дээр хүчтэй тоглогч байхыг эрмэлзэж байна. Тус улс БНСУ руу хий нийлүүлэхийн тулд Хойд Солонгосын нутгаар дамжуулахаар гэрээ үзэглэсэн бол  Зүүн хойд азийн орнуудад бүрэн хүрэхийн тулд Япон улстай тохиролцон далай доогуур дамжуулах хоолойгоо байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн Хятад руу 68 тэрбум метр куб байгалийн хий нийлүүлэхээр шийдвэрлэсэн нь Европ руу экспортлодог хийн тал хувьтай тэнцэж байгаа ч, Хятад руу татах хоолой нь Европ руу бас гарц нээж байгаа билээ. Тэгэхээр Оросууд зах зээлээ тэлэхийг л эрмэлзэж буйгаас би хумихыг үл хүсч байгаа биз ээ.

Харин бидний тухайд энэ хоёр хөршийнхөө ашиг сонирхлыг давж гарна гэдэг ихээхэн хэцүү асуудал юм. Гэхдээ бид бас ч үгүй юмтай улс. Стратегийн орд газруудаа эргэлтэд оруулж байгаа улс. Бидэнд одоогоор баялгаа үнэд хүргэх дэд бүтэц тулгамдсан асуудал болоод байна. Гэхдээ хоёр хөрш маань манай баялагт “хяналт” тавихыг хүсч байдаг. Бид бас байгалийн хий дамжуулах хоолойноос нь ашиг хүртчихмээр л байдаг. Гол нь бид шийдвэр гаргах эрхгүй харагдаад байдаг..  

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top