Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга ноён У Бангуогийн манай улсад хийж буй айлчлал өнөөдрөөс эхэлсэн. Тэгвэл Хятадын төрийн өмчит хөнгөн цагааны корпораци Чайналкогийн охин компани Чалкогийн албан ёсны мэдэгдэл У Бангуо эрхэмтэй хамт Улаанбаатарт газардаад байна. “Чалко” компанийн мэдэгдэлд өгүүлснээр талууд нэг жил орчим хугацаанд харилцан хэлэлцэж тохиролцсоны үр дүнд гэрээг байгуулсан бөгөөд гэрээг Хятадын төв засгийн газар болон Монгол улсын хамтарсан эвслийн засгийн газар баталсан. Энэхүү нүүрс худалдах, худалдан авах гэрээ нь харилцан ашигтай байх арилжааны гэрээ юм хэмээн тодотгожээ.
Чалко нь Эрдэнэс Тавантолгой компанид ихээхэн хэмжээний урьдчилгаа төлбөрийг бага хэмжээний хүүтэй буюу 3 хувийн хүүтэй төлсөн. Урьдчилгаа төлбөр нь ЭТТ компанийн санхүүгийн бэрхшээлийг нь шийдвэрлэн, үйл ажиллагаанд нь түлхэц өгч, Тавантолгой ордыг ашиглах олон жилийн хүлээлтийг бодит ажил хэрэг болгосон хэмээн тус компани үзэж байгаа аж. Мөн Чалко нь Хятадын төрийн өмчит томоохон компаниудын нэг болохынхоо хувьд урт удаан хугацааны худалдан авалтыг амалснаа баталгаажуулж, ЭТТ компанийн бүтээгдэхүүнийг Хятадад худалдах урт хугацааны баталгаатай, тогтвортой маркетингийн сувгаар хангаж байгаа хэмээн өгүүлсэн байна.
Тэгэхээр монголын нүүрс хүссэн хүсээгүй Хятад руу гарахаас өөр аргагүй гэдгийг бидэнд сануулж байгаа нь эндээс харагдаж байна.
Ерөөсөө Зээлжих BBB зэрэглэлтэй Худалдан Авагч Чалко нь ЭТТ компанид бага өртгөөр их хэмжээний хөрөнгө олж авах боломжийг олгоод зогсохгүй, ЭТТ компани нь олон улсын зах зээлээс санхүүжилт босгох болон олон улсын хөрөнгийн биржид IPO хийхэд нь чухал дэмжлэг болж байгаа хэмээн өгүүлсэн байна. Цаашлаад Чалко нь нүүрсний тодорхой хэсгийг Япон болон БНСУ зэрэг гуравдагч оронд экспортлохыг дэмжиж байгаа нь гуравдагч орон руу экспортын суваг нээх боломжийг олон жил эрж хайж байгаа Монголын талын хувьд ч түүхэн чухал ач холбогдолтой, бусад улсад нүүрс экспортлох Монголын экспортын талаар БНХАУ-ын засгийн газрын зүгээс хүчтэй дэмжлэгийг авч байгаа хэмээн өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )