ҮХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалагийн хэлснээр бол энэ сарын 17-ноос нөөцийн мах худалдаанд гарснаар хонины ястай махны үнэ 13 хувиар буусан гэнэ. Гэтэл ҮСХ-ноос өгч буй мэдээллийг харахад тэгж буугаагүй байна.
Энэ сарын 23-ны байдлаар хонины ястай махны үнийг өмнөх сарын дундажтай харьцуулахад 4.5 хувь өсчээ. Харин ямааны махны үнэ 0.9 хувь, адууны махны үнэ 3.8 хувиар, үхрийн махны үнэ 7.5-9.0 хувь өссөн байна. Долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 15.7 хувь, адууны махны үнэ 8.1 хувь, ямааны махны үнэ 13.7 хувиар өсчээ. Яг 23-ны өдөр 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7225 төгрөг, хонины цул мах 7120 төгрөг, үхрийн /ястай/ мах 7814 төгрөг, үхрийн цул мах 8857 төгрөг, ямааны мах 5350 төгрөг, адууны мах 5967 төгрөгийн үнэтэй байсан байна.
Тэгэхээр Д.Тунгалаг даргын хэлж буйд итгэх арга алга байна.
Ямартай ч нийслэлчүүдийн хэрэглээний махны нөөцийг “Жаст Арго” ХХК 6000 тонн, “Саян-Уул” ХХК 400 тонн, “Монгол мах экспо” ХХК 500 тонн зэргээр нийт есөн компани хуваан хадгалж байгаа. Энэ жилийн нөөцөд 14 мянган тонн мах бэлтгэх бөгөөд одоогийн байдлаар нийслэлд 9.1 орчим мянган тонн мах бэлтгэсний 1099.6 тонн нь үхэр, 3457.5 тонн хонь, 4481.8 тонн нь ямааны мах байгаа аж.
Ер нь бол албаны эрхмүүдийн хэлж буйгаар нөөцийн махны худалдааны зорилго нь хямд үнэ биш бөгөөд үнийн хөөрөгдлийг багасгаж, өрхийн орлого доогуур иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэхэд гол зорилго оршиж байгаа гэх юм. Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Тойвгоон хэлж буйгаар “Махны үнэ өндөр байгаа шалтгаануудын нэг нь иргэдэд бэлэн мөнгө тараасан явдал” гэлээ.
Мөн нөгөө талаас нөөцийн мах бэлтгэх ажил хожуу эхэлсэн нь бас нэг шалтгаан болоод байгаа гэх. Ямартай ч монгол түмний уламжлалт Цагаан сарын баярыг угтан ойрын өдрүүдэд махны борлуулалт 2.5 дахин нэмэгдээд байгаа үзүүлэлттэй. Харин нөгөө амьжиргааны баталгаажих түвшин доогуур өрхүүдэд нөөцийн махыг “карт”-аар хүргэх ажил гуравдугаар сарын 15-наас эхлэх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )