З.Энхболд дарга 1800 км төмөр замд Хятадын талыг оруулахад нээлттэй гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 31

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо нар Төрийн ордны хуралдааны “Б” танхимд хэлэлцээ хийв.

Хэлэлцээний эхэнд УИХ-ын дарга З.Энхболд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга 16 жилийн дараа манай улсад айлчилж байгаад талархал илэрхийлэв. Харин манай улсад анх удаагаа айлчилж байгаа ноён У Бангуо албан ёсны айлчлалдаа нэн баяртай байгаагаа илэрхийлээд Улаанбаатар хотод баригдаж буй барилга, хөгжлийг хараад Монгол Улсын эдийн засаг хурдан хөгжиж байгаа юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө гэдгээ хэлж байв.

Ингээд хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн нарын хэлэлцээ эхэлж хүндэт зочин хоёр улсын найрсаг харилцаа, хууль тогтоох дээд байгууллагын болон худалдаа, эдийн засаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хятад Улсын хувьд өнгөрсөн онд шинэ удирдлагатай болсон. Монгол Улс бол манай орны чухал хөрш. Монгол Улсын шинэ Засгийн газар Хятад Улстай хамтарч ажиллах, харилцаагаа бүх хүрээнд бэхжүүлэх асуудалд анхаарч байгаад сайшаалтай байна. Хятад Улс Монголын бүрэн эрх, тусгаар тогтнолыг хүндэтгэнэ, дотоод, гадаад бодлогыг ч хүндэтгэнэ, хүндэтгэсээрч ирсэн. Түүнчлэн Монгол Улс манай улсын Тайвань, Түвдэд баримталж буй байр суурьтай ижил байр суурьтай байдагт талархаж байна. Цаашид ч энэхүү байр сууриа хадгална гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ноён У Бангуо цааш хэлэхдээ, Хятадын тал Монгол Улстай батлан хамгаалахын салбарт хамтран ажиллаж,  бүс нутгийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалахад бэлэн байна. Худалдаа, эдийн засгийн хувьд харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын талаас найдвартай, чадалтай компаниудыг төсөл хөтөлбөрт оролцуулахыг дэмжинэ. Энэ талаар Монголын талаас өндөр шаардлага тавьж байгааг анзаарсан. Манай улс Монголын төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд идэвхитэй оролцоход бэлэн байна. Түүнчлэн Хятадын тал транзит тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний үйлдвэрлэл зэрэгт дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гээд өнгөрсөн жилүүдэд Хятадын талаас өгсөн 500 сая юанийн  хөнгөлттэй зээлийг  Монголын тал үр дүнтэй ашиглахыг хүсч буйгаа илэрхийлэв.

Мөн хэвлэл мэдээлэл, түүнчлэн залуучуудын чиглэлд харилцан туршлага судлах, сурч боловсрох зэрэгт хамтын ажиллагаагаа идэвхижүүлэх байх гэж найдаж байна. Манай улс парламент хороондын харилцааг хөгжүүлэхийг чухалчилдаг. Тиймээс ялангуяа залуу парламентчдыг манай улсад айлчлахад бид таатай хүлээн авах болно” гэлээ.

Харин УИХ-ын дарга З.Энхболд “Хоёр улсын бүхий л салбар дахь хамтын ажиллагаа шинэ агуулгаар хөгжиж байгаад баяртай байдаг. Парламент хоорондын хамтын ажиллагааны хувьд  харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, бэхжүүлэх, уулзалтыг ойртуулах шаардлагатай гэж үзэж байна.  Та бид хоёр өнөөдөр зарим хэлэлцээрт гарын үсэг зурах гэж байгаа нь хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааг шинэ шатанд авчирна гэдэгт итгэлтэй байна.

 Манай улсын үе үеийн парламент дахь Монгол-Хятадын парламентын бүлэг хамгийн олон гишүүнтэй байдаг нь хөрш орны харилцааг чухалчилдгийн илэрхийлэл юм. Саяхан ОХУ-ын Владивосток хотод болсон Ази-Номхон далайн парламентын 21 дүгээр чуулган  дээр Та УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга С.Баярцогттой уулзаж,  манай улсыг АПЕК-т элсэхэд дэмжинэ гэдгээ илэрхийлсэнд талархаж байна. 2011 оны зургадугаар сард манай улсаас ялтан шилжүүлэх гэрээг санал болгосныг БХАТИХ анхаарал хандуулахыг хүсч байна.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд хөрөнгө оруулалт чухал байна. Уул уурхай, дэд бүтэц зэрэг салбарт хамтын ажиллагаагаа урт хугацаанд үргэлжлүүлэхийг хүсдэг. Ялангуяа транзит тээврийг Хятадын тал  дэмжих байр суурьтай байгаад талархаж байна. Тяньжин хотоор дамжин өнгөрөх транзит тээврийн үнэ тарифын асуудал одоог хүртэл шийдэгдэхгүй байна.

Түүнчлэн далайд гарцгүй манай оронд далайд гарцтай орны дэмжлэг чухал байгаа. Гэтэл далайн гарцын тариф мөн тодорхойгүй байгаад нааштай ахиц гарна гэдэгт итгэлтэй байна. 500 сая юанийн зээлийн ашиглалт  тааруу байгаа нь үнэн. Засгийн газарт зээлийн ашиглалтыг үр дүнтэй болгох асуудлаар үүрэг өгсөн байгаа. УИХ дөрвөн жил тутамд солигддог онцлогтой. Энэ удаагийн шинэ парламент гурван намын бүлэгтэй, аль нэг нам олонхи болоогүй онцлогтой парламент бүрдсэн байгаа” гэлээ.

УИХ-ын дарга цааш нь хэлэхдээ, “Уул уурхайн салбарын хувьд ашигт малтмалын бүтээгдэхүүнээ боловсруулаад хөрш БНХАУ-д нийлүүлэх бодлогыг дэмжиж байгаад талархаж байна. Ашигт малтмалын томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахад дэд бүтэц чухал байгаа. Тиймээс энэ салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгээ Та илэрхийллээ. Монгол Улс төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогоо баталж гаргасан. Ирэх жилүүдэд 1800 км төмөр зам барихаар төлөвлөж байгаа, энэ ажилд Хятадын талаас хөрөнгө оруулалт хийх боломж нээлттэй.  БНХАУ-ын зээлээр баригдаж байгаа Багануурын цахилгаан станцын хувьд түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгээр төсөл хэрэгжүүлэхийг хүсч байна. Манай улсын Дорнод аймагтай хиллэдэг Хөлөнбуйр шиг эрчим хүч үйлдвэрлээд Хятадад нийлүүлэх түүхий эдийн боломж манайд их бий. Гэвч цахилгааны 1 кв-тын үнэ дээр Хятадын талтай тохиролцохгүй байгаагаас энэ санаачлага саатахад хүрээд байгаа юм. Ер нь аливаа үнэ тарифын асуудлаар тохиролцоонд хүрч чадвал амжилттай хэрэгжих хамтын ажиллагаа их бий” гэлээ.

Ноён У Бангуо  БХАТИХ ялтан шилжүүлэх гэрээг аль болох батлуулахын төлөө ажиллах болно гэдгээ хариу мэдэгдсэний зэрэгцээ 2015 он хүртэл Хятадын гадаад дахь хөрөнгө оруулалт 800 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоотой байгаа. Тиймээс хөрш хоёр улсад  уул уурхай болон бусад салбарт гүнзгий хамтран ажиллах боломж байна. Харин Монголын тал өөрийн бодлогыг тогтвортой байлгахад анхаарна гэдэгт найдаж байна гэж байлаа.

 Ийнхүү хоёр цаг гаруй үргэлжилсэн хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн нарын уулзалт, хэлэлцээ өндөрлөлөө.

Хэлэлцээнд Монголын талаас УИХ-ын дэд дарга М.Энхболд,  УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд  Ц.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн  хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил болон бусад албаны хүмүүс,  Хятадын талаас БНХАУ-ын Гадаад явдлын дэд сайд Жан Жизюнь, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн комиссын даргын орлогч Вэй Лючэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун,  БХАТИХ-ын Байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Цао Вэйжоу нарын зэрэг төлөөлөгчид байлцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top