Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК тулгараад байгаа хүндрэлт байдлаа даван туулахын тулд менежментээ сайжруулах, өртөг зардлаа бууруулах болон хятадын талтай гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг тохирох ёстой гэсэн чиглэлийг засгаас өгөөд байгаа. Мөн тулгамдаад буй санхүүгийн асуудлыг оновчтой эх үүсвэрээс санхүүжүүлэхээр судалж байгаа гэсэн нь бондын мөнгөөр өр дарах тухай асуудал. Тэгвэл энэ асуудлыг ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх гэж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь санхүүгийн нөхцөл байдал хүндэрсний улмаас үйл ажиллагаа нь доголдож байгаа. Шалтгаан нь тус компанийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлийн эх үүсвэрийн 60 гаруй хувийг “Хүний хөгжил сан”-д татан төвлөрүүлсэн, нүүрсний зах зээлийн уналт, Чалко Трэйдинг Хонконг ХХК-тай байгуулсан гэрээний зарим нэгэн заалт зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.
Өнгөрсөн онд нүүрсний зах зээлийн үнэ 30 шахам хувиар буурсан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК алдагдалтай ажиллахад хүргэсэн гэж буй. Өнөөдөр тус компанийн 1 тонн нүүрсний тээвэрлэлтийн зардал орсон өртөг нь 58 ам.доллар болж байхад, гэрээний дагуу 53.6 ам.доллараар нүүрс нийлүүлэх болж байгаа нь тонн тутамд 4.4 ам.долларын алдагдал хүлээх болоод байгаа аж.
Одоогийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоод, гадаадын банк, аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй сая ам.долларын өртэй юм.
Сэтгэгдэл ( 0 )