Есөн компанийн дотроос “Тоёо инженеринг”-ийг сонгосон гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 01

Жилд 2 сая тн газрын тос боловсруулах хүчин чадалтай, төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийг 2015 онд багтаан барьж дуусгах шийдвэрийг засгаас гаргаад байгаа. Гэхдээ энэ бол хэдэн жилийн өмнөөс яригдсан Дарханд баригдах  үйлдвэр юм. Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хөнгөлттэй зээлээр санхүүжилж, мөн японы “Тоёо инженеринг” корпорацийн технологиор барьж байгуулагдах тухай яригдаж ирсэн. Ямартай ч  тэгээд баригдаж, байгуулагдаад явбал олон улсын жишигт хүрсэн чанар бүхий бензин, шатахуун/дизель/, битум, мазут, шингэрүүлсэн хий зэрэг 6 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэх зүйлийг салбарын сайд хэлж байна. Түүнчлэн үйлдвэр барихтай холбогдуулан энэ сард багтаан зээлийн хэлэлцээр хийх, мөн түүнчлэн түүхий эдийн хангалт, төрийн өмчийн оролцооны оновчтой хувь хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хариуцаж ажиллах үүрэг даалгавар холбогдох сайд нарт өгөгдөөд байгаа аж. Засгийн газар болон Уул уурхайн яам нийт есөн компанийн Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг судалж үзээд японы “Тоёо инженеринг” корпорацийн төслийг дэмжсэн гэнэ. Үйлдвэрийн түүхий эдийн хангалтын асуудлыг хэд хэдэн хувилбараар судалж байгаа гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top