Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан тэргүүтэй төлөөлөгчид 1 дүгээр сарын 31-ээс 2 дугаар сарын 03-ны өдрүүдэд ХБНГУ-д ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчид өчигдөр ХБНГУ-ын Хүнс, ХАА, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга ноён Герд Мюллертэй уулзжээ.
Уулзалтанд монголын талаас Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, тус яамны Газар тариалангийн газрын дарга Ц.Рэнчинсэнгээ, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Биндэръяа, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Даваадорж, ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн атташе Ц.Энхсайхан нар оролцсон байна.
Уулзалтын үеэр дэд сайд Ц.Туваан ХАА-н салбар нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн нэг тулгуур багана болохыг цохон тэмдэглээд Шинэчлэлийн засгийн газраас баримталж буй хүнс, ХАА-н салбарын бодлогыг танилцуулж, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн чиглэлээр өмнө эхлүүлсэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтээ илэрхийлэв.
Талууд хоёр орны ХАА-н яам хооронд хэрэгжүүлж буй "Германы ХАА-н үлгэр жишээ загвар аж ахуйг Монгол Улсад байгуулах" төслийн төлөвлөгөөний дагуу Загвар аж ахуйн нээлтийг энэ оны 5 дугаар сард хийх, төслийн удирдагчаар германы мэргэжилтэнг ажиллуулах, цаашид элит үрийн сангийн аж ахуйг хамтран байгуулах, герман үүлдрийн малын санг монголд нутагшуулж загвар аж ахуйн хүрээг өргөжүүлэх боломжийн тухай дэлгэрэнгүй ярилцжээ.
Сэтгэгдэл ( 0 )