Оюутолгойн хувь нийлүүлэгчид лицензийн маргааныг нэг тийш болгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05

Маргааш Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн хурал болно. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын нэн тэргүүнд Рио тинто компани хөрөнгө оруулалтын зардлаа өсгөсөн асуудал байгаа юм. УИХ-аар батлуулсан гэрээнд анхны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар хэмээн заасан байтал Оюутолгойн хөрөнгө оруулагчид энэ хөрөнгийг 7.1 тэрбум ам.доллар болгон 40 орчим хувиар өсгөсөн. Төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтын нийт зардал өсөхөөр манай талд ирэх өгөөж, ногдол ашиг буурна. Тиймээс Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтыг 2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн шалтгаанаа тайлбарлах, өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацааны хөрөнгө оруулалтаа тодорхой мэдээлж байж цаашдын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө батлуулах шаардлага тавиад байна. Өнгөрсөн хоёр жилд хөрөнгө оруулалтаа тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл баталдаг, ингэхдээ хөрөнгө оруулалт өссөн шалтгааныг тодорхой тайлбарладаггүй явж иржээ. Түүнчлэн, төслийн хөрөнгө оруулалт далд уурхай ажиллаж эхлэхэд нийлбэр дүнгээрээ 14.6 тэрбум ам.доллар байхаар Техник эдийн засгийн үндэслэлд тусгасан ч энэ дүн одоо 24,4тэрбум ам.долларт хүрэхээр 68 хувиар өсгөсөн тооцоо гаргажээ.УИХ-аар батлуулсан хөрөнгө оруулалтын дүнг ийнхүү хүлээн зөвшөөрөх үндэслэлгүйгээр нэмэн өөрчилж байгаа шалтгааны талаар Засгийн газар хөрөнгө оруулагчдаас тайлбар хүсч байгаа аж.

Мөн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай асуудал бол лицензтэй холбоотой маргаан юм. Оюутолгойн бүлэг ордын 30 хувийг өөр компани эзэмшиж байгаа нь уурхайгаас олох ашгийн 30 хувиа алдах эрсдэл дагуулж байгаа тул тус лицензийг эргүүлэн авч, хөрөнгө оруулагчид шилжүүлэх шаардлага үүсч байна гэж Ерөнхий сайд хэлж байсан. Ер нь бол ашиг сонирхлын зөрчил  Оюутолгойд илрээд байна гэж буй.

Түүнчлэн хуралдаанаар тус компанид ажиллаж буй монгол ажилчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудалд анхаарах, бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг ил тод болгох, дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлэх талаар хөрөнгө оруулагч талтай эргэн ярилцах шаардлага бий.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top