Аль ч улс орон эрчим хүч, зам зэрэг дэд бүтэцдээ анхаарал хандуулж байж хөгжил ирэх нь дамжиггүй. Шинээр барьж байгуулахаас гадна байгаагаа тордох асуудал энд хамаатай. Тэгвэл манай улсын энэ оны төсөвт засвар үйлчилгээний зардал долоон хувиар буурсан байгаа.
Гэтэл манай цахилгаан эрчим хүчний салбарт зайлшгүй шаардагдах хөрөнгийн засвар үйлчилгээний өртөг нь дангаараа ДНБ-ий бараг хоёр хувьд хүрч байхад улсын хэмжээнд хучилттай замын 60 хувийг засах, шинэчлэх шаардлагатай байж байна. Тэгвэл энэ ажилд шаардлагатай мөнгө нь ойролцоогоор ДНБ-ий долоо орчим хувьд хүрэхээр тооцоо бий.
Харин 2013 оны төсөв нь шинэ хөрөнгө оруулалтын төсөлд ихээхэн чухал ач холбогдол өгсөн. Түүнчлэн хөрөнгийн засварын зардал болон шинэ хөрөнгө оруулалтын харьцаа сүүлийн таван жилд буурсаар байгаа.
Уг нь засвар үйлчилгээ, арчилгааг орхигдуулах нь төсвийн болон эдийн засгийн хувьд аль аль талдаа алдагдалтай бөгөөд одоогийн байгаа дэд бүтцийн ашиглалтын хугацааг багасгаж, ирээдүйд түүний шинэчлэлийн өртгийг нэмэгдүүлснээр төсөвт илүү хүнд дарамт үүсгэнэ гэдгийг Дэлхийн банкнаас зөвлөж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )