Худалч нь Рио Тинто юу, Монголын улстөрчид үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 06

Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн хурал Уул уурхайн яаманд болох аж. Ямартай ч, Рио Тинтогийн залуурдаж байгаа Оюутолгой компанийн зүгээс “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Оюу Толгойн талаар хөндөгдсөн мэдээлэл, тоо, баримттай холбогдуулан гаргаж буй Оюу Толгой ХХК-ийн албан ёсны байр суурь” гэх тодотголтой мэдээллийг албан ёсоор хийгээд байгаа. Тэрийг нь харж байхад үйл ажиллагаанд нь элдэв асуудал байхгүй бололтой. Манай эрхмүүдийн хэлснээр бол Оюутолгой компанийн өнгөрсөн хоёр жилийн хөрөнгө оруулалтыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл баталж ирсэн бөгөөд  хөрөнгө оруулалт өссөн шалтгааныг тодорхой тайлбарладаггүй байсан гэж байгаа. Гэтэл тус компанийн өгч буй мэдээллээр бол  улирал бүрийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох тайлан материалыг Татварын Ерөнхий Газар, Сангийн яаманд хүргүүлж тодорхой байлгаж ирсэн байтал, Оюу Толгой уурхайг бүтээн байгуулахад оруулсан зардлын тухай андуу ташаа мэдээлэл байна гэх зүйлийг өгүүлжээ.

Тэгэхээр тэдний үзэж буйгаар андуу ташаа мэдээллийг монголын улстөрчид гаргаад байгаа болж таарах нь. УИХ-аар батлуулсан гэрээнд анхны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар хэмээн заасан байтал Оюутолгойн хөрөнгө оруулагчид энэ хөрөнгийг 7.1 тэрбум ам.доллар болгон 40 орчим хувиар өсгөсөн. Төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтын нийт зардал өсөхөөр манай талд ирэх өгөөж, ногдол ашиг буурна. Тиймээс Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтыг 2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн шалтгаанаа тайлбарлах, өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацааны хөрөнгө оруулалтаа тодорхой мэдээлж байж цаашдын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө батлуулах шаардлага тавиад байгаа. Төслийн хөрөнгө оруулалт далд уурхай ажиллаж эхлэхэд нийлбэр дүнгээрээ 14.6 тэрбум ам.доллар байхаар Техник эдийн засгийн үндэслэлд тусгасан ч энэ дүн одоо 24,4 тэрбум ам.долларт хүрэхээр 68 хувиар өсгөсөн тооцоо гаргачихаад байгаа. Тиймээс Засгийн газар УИХ-аар батлуулсан хөрөнгө оруулалтын дүнг ийнхүү хүлээн зөвшөөрөх үндэслэлгүйгээр нэмэн өөрчилж байгаа шалтгааны талаар хөрөнгө оруулагчдаас тайлбар хүсээд байгаа.

Тэрчлэн Оюутолгойн зүгээс тайлбараа өнөөдрийн хуралдаанаар өгнө гэсэн хүлээлт байсан. Гэтэл өчигдөр гаргасан албан ёсны мэдээлэлдээ тэр талаарх байр сууриа илэрхийлэхдээ  дараах хүснэгтийг хавсаргажээ.  

  Оюу Толгойн бүтээн байгуулалтын зардлын харьцуулалт (ам.доллар)

 

2010 оны батлагдсан ТЭЗҮ

2012 оны 12-р сарын 31-ний байдлаар Оюу Толгой ХХК-ийн зарцуулалт

Бүтээн байгуулалтын зардал

 

 

Өмнөх зардал - Хөрөнгө оруулалтын гэрээний өмнөх зарцуулалт

1.1

1.1

Нэгдүгээр үе шат -Хөрөнгө оруулалтын гэрээний дараах зарцуулалт

4.1

4.7

Нийт

5.2

5.8

Шууд бус зардлууд

 

 

Гааль, НӨАТ

0.4

0.6

Менежментийн төлбөр

0.1

0.2

Төслийн эхний үе шатны бүтээн байгуулалтын нийт зардал

5.7

6.6

2012 оны аравдугаар сарын 31-ний байдлаар Оюу Толгой ХХК-ийн санхүүгийн тайланд нийт хөрөнгө 7.4 тэрбум ам.доллар гэж тусгагдсан бөгөөд үүнд 6.6 тэрбум ам.долларыг төслийн бүтээн байгуулалтын эхний үе шатанд, зээлийн хүүнд 0.5 тэрбум, хоёрдугаар шатны бэлтгэл ажилд 0.2 тэрбум, нэмэлт хайгуулын ажилд зарцуулсан 0.1 тэрбум ам.доллар тус тус багтаж байгаа гэх мэдээллийг өгчээ.

 Түүнчлэн Оюу Толгойн хувьд Засгийн газар тус компанийн 34 хувийн хувьцааг худалдаж авах сонголтыг хийсэн. Эрдэнэс Оюу Толгой ХХК энэхүү 34 хувийн санхүүжилтээ бусад хувь нийлүүлэгчдээс зээлэх  сонголтыг мөн хийсэн. Эхэндээ хувь нийлүүлэгчид энэхүү зээлийн хүүг хэрэглээний үнийн индексийн +9.9 хувиар тохироод байсан бол хөрөнгө оруулагчид үүнийн ЛИБОР (Лондонгийн банк хоорондын зээлийн хүүгийн хэмжээ) +6.5 хувийн хүүгээр тооцож бууруулсан.  Ингэснээр хөрөнгө оруулагчид зээлийн хүүг 3 хувиар бууруулсан юм.

Бизнес ашиггүй ажилласан тохиолдолд Эрдэнэс Оюу Толгой ХХК энэхүү зээлийг эргэн төлөх үүрэг хүлээхгүй. Тиймээс төсөл ямар нэгэн байдлаар амжилтгүй болж, зээлийг эргэн төлөхүйц хангалттай ашигтай ажиллаж чадаагүй тохиолдолд Монголын Засгийн газар ямар нэгэн байдлаар тухайн зээлийг төлөх үүрэг хариуцлага хүлээхгүй. Энэ тохиолдолд харин бүх санхүүжилтийг гаргасан хөрөнгө оруулагчид эрсдлийг үүрнэ. Мөн хамгийн чухал нь Эрдэнэс Оюу Толгой ХХК нь 34 хувийн санхүүжилтээ бага хүүтэйгээр бусад эх үүсвэрээс олж төслийг санхүүжүүлэх эрх нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр нээлттэй байгаа гэсэн байна.

Тэгэхээр хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн талаарх тэдний байр суурь ийм байна. Харин лицензтэй холбоотой маргааны талаар тодорхой байр суурь илэрхийлсэнгүй. Оюутолгойн бүлэг ордын 30 хувийг Entrée Gold компани эзэмшиж байгаа нь уурхайгаас олох ашгийн 30 хувиа алдах эрсдэл дагуулж байгаа тул тус лицензийг эргүүлэн авч, хөрөнгө оруулагчид шилжүүлэх шаардлага үүсч байна гэх байр суурь манай засагт бий.

Уг нь Хөрөнгө оруулалтын гэрээний  15.7.8.-д  Антре гоулд компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Айвенхоу Майнз Лимитед компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлж /ийнхүү шилжүүлсний дараа Засгийн газар уг эрхийн 34 /гучин дөрөв/ хувийг эзэмшинэ/ улмаар Засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох; гэж заасан байдаг юм билээ.

Гэтэл одоо гэрээний энэ заалт зөрчигдөөд байгаа ч Оюутолгойн зүгээс тодорхой зүйл хэлэхгүй байна. Ямартай ч ийм маягаар манай тал болоод хөрөнгө оруулагч талын  байр суурь ихээхэн зөрчилдөөд байвал,  маргаан үүссэн тохиолдолд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 14 дүгээр бүлэг. Маргаан шийдвэрлэх гэсэн хэсгээр зохицуулагдана. Гэрээнээс үүдэлтэй буюу түүнтэй холбоотойгоор Талуудын хооронд аливаа маргаан гарвал түүнийг эхний ээлжинд сайн санааны үндсэн дээр хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх ёстой. Аль аль нэг тал нь хэлэлцээ хийх хүсэлтийг бичгээр тавьснаас хойш ажлын 60  хоног, эсхүл өөрөөр тохиролцсон хугацааны дотор Талууд нэгдсэн шийдвэртхүрч чадаагүй бол уг маргааныг энэхүү Гэрээний 14.2-т заасны дагуу шийдвэрлэнэ гэж буй.

Гэтэл манай уул уурхайн сайд 2 удаа албан бичиг илгээж байж хэлэлцээ хийх эрх олж авсан байгаа шүү дээ. Хэрэв тэгээд маргааныг хэлэлцээний журмаар шийдвэрлэж чадаагүй бол  маргаан гарсан өдөр үйлчилж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын Дүрмийн дагуу заавал биелүүлэх арбитрын зарчмаар шийдвэрлэх асуудал үүснэ.

Гэхдээ асуудал тэгтлээ даамжрахгүй биз ээ.

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top