Нэг дүгээр сарын 8-ны өдөр “Цагаан сарын бэлэг” сэдвийн дор болсон “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн үеэр үндэсний үйлдвэрлэгчдээс Засгийн газарт хандаж цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулах байрны асуудлыг шийдэж, хугацааг сунгаж өгвөл иргэдийн гар дээр очих бараа бүтээгдхүүнийхээ үнийг хямдруулан борлуулах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. Монгол Улсын Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдний бараа бүтээгдхүүнийг зах зээлд таниулах зорилготойгоор Ерөнхий сайдын ивээл дор Үйлдвэр, ХАА-ийн яам, Хөдөлмөрийн яам хамтран “Цагаан сар- Монголд үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдааг Мишээл экспо төв, Аса цирк, IT world төвүүдэд 24 хоногийн хугацаатай, өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа нь талбайн хэмжээг нэмэгдүүлж, хугацааг сунгаснаараа худалдан авагчдыг илүү өргөн хүрээнд сонголт хийх боломжийг бүрдүүлж өгсөн юм. Нийслэл хотын хэмжээнд гурван газар зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд нийт 416 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэн оролцож байна. Худалдан авагчдын гар дээр очих бүтээгдхүүний үнийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа байрны түрээсийн 50 хувийг хариуцаж 160 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлжээ.
Үзэсгэлэн худалдааны борлуулалтын орлого 2,7 тэрбум төгрөгт хүрсэн тухай Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг шилдэг аж ахуйн нэгж, бүтээлүүдэд шагнал гардуулах ёслолын үеэр мэдэгдлээ. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт амжилттай оролцсон аж ахуйн нэгжийг тусгай шалгууруудаар үнэлж шагналын эздийг тодруулжээ. “Монголд үйлдвэрлэв-2013” гранпри цом шагналаар “Говь” ХК-ний ноолууран дээл, ”Суман гүн” ХХК-ний Өлзий хэвийн боов, “Улаанбаатар фур” ХХК-ний ажлын бээлий, “Мэргэн тур” ХХК-ний Захирал коллекц тус тус шагнагдлаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гардуулсан юм. Мөн энэ үеэр ноос, ноолуурын салбарын, арьс ширний салбарын, хэвлэлийн салбарын, хүнсний болон бусад салбарын шилдэг бүтээгдхүүнүүдийг шалгаруулж шагналаа. Салбарын тусгай байрын шагнал хүртсэн Ховд аймгийн уран хатгамалч Ч.Одонтуяагийн зүү ороож урласан хөөрөгний даалин болон бусад хатгамлуудыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол үндэстний уламжлалт баяр цагаан сарыг тохиолдуулан гадаадын дипломат корпусын тэргүүнүүдийг хүлээн авч уулзахдаа бэлэглэхээр худалдан авлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )