Нөөцийн мах 4200-5900 төгрөгөөр худалдаалагдаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 07

ҮХААЯ-наас нөөцийн махны ханшийг тогтоохдоо үхрийн гулууз мах кг нь 5700 төгрөг, жижиглэн 5900 төгрөг, хонины гулууз 5200 төгрөг, жижиглэн 5700 төгрөг, ямааны гулууз 4200 төгрөг, жижиглэн 4600 төгрөгөөр тус тус худалдаалахаар болсон. Энэ нь зах дээрээс шууд борлогдож байгаа махны үнээс  200-500 төгрөгөөр хямд гээд байсан. Тэгвэл өнгөрөгч сарын сүүлчээр нөөцийн махны үнэ тогтоосон үнээсээ 100-200 төгрөгөөр нэмэгдсэн тохиолдол байсан бол 2 дугаар сар гарсаар тогтоосон үнэ мөрдөгдөж байна.

Ер нь нөөцийн махны худалдааны зорилго нь хямд үнэ биш. Үнийн хөөрөгдлийг багасгаж, өрхийн орлого доогуур иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэх нь гол гэж Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Тойвгоо хэлсэн.

Энэ жилийн нөөцөд 14 мянган тонн мах бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд нийслэлд 9.1 орчим мянган тонн мах бэлтгэсний 1099.6 тонн нь үхэр, 3457.5 тонн хонь, 4481.8 тонн нь ямааны мах байгаа гэх мэдээллийг салбарын яамнаас өгч байсан.

Нөөцийн бус махны үнийн тухайд ҮСХ-ны мэдэгдэж буйгаар 1 дүгээр сарын 30-ны байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 7.5-10.0 хувь, хонины ястай махны үнэ 15.5 хувь, адууны махны үнэ 9.0 хувь, ямааны махны үнэ 18.0 хувиар өссөн байгаа. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.9 хувь, ямааны махны үнэ 3.7 хувь, адууны махны үнэ 0.8 хувиар өссөн бол, хонины ястай махны үнэ 0.2 хувиар буурч, үхрийн цул махны үнэ тогтвортой байна гэж буй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top