“Финанс Монголиа 2013” ирэх долоо хоногт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 13

Энэ сарын 22-24-ний өдрүүдэд “Финанс Монголиа 2013” Монголын санхүүгийн анхдугаар үзэсгэлэн, сургалт болох гэж байна.

Хөрөнгө оруулалт, уул уурхай болон үйлдвэржилтийн салбарын хөгжлийг даган Монголын санхүүгийн зах зээл хурдацтай өсч байгаа билээ. Үүнийг даган Монгол улсын эдийн засагт санхүүгийн зах зээлийн оруулах хувь нэмэр, оролцоо улам бүр өсөн нэмэгдэж, мэргэшсэн, биеэ даасан оролцогч талуудын тоо ч нэмэгдэж байгаа нь санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар иргэдээ зохих мэдээллээр хангах зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын үсрэнгүй хөгжлийг дагасан санхүүгийн зах зээлийн хөгжил өсч байна. 2000 оноос хойш санхүүгийн зах зээлийн Монгол улсын эдийн засагт оруулах хувь нэмэр, оролцоо нь жил бүр өсөн нэмэгдсээр салбартаа мэргэшсэн, биеэ даасан, олон оролцогч талуудтай болсон.

Тиймээс   “Дэлхийн Худалдааны Төв Улаанбаатар” ТББ, Санхүүгийн Зохицуулах Хороо, “Монголын Хөрөнгийн Бирж” ХК болон “Мишээл групп” ХХК нар хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Үзэсгэлэн, сургалтанд арилжааны банкуудаас эхлээд брокер, дилерийн компаниуд, аудитын байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоод, банк бус санхүүгийн байгууллагууд болон хөрөнгийн үнэлгээний  итгэмжлэгдсэн байгууллагууд гэх зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг бүхий л байгууллагууд оролцох аж.

Харин иргэд үзэсгэлэнд оролцсоноор үнэт цаас, хувьцаа, даатгал болон зээл хүсэх талаар  мэдлэг олгох үнэ төлбөргүй нэгдсэн сургалтанд хамрагдахаас гадна брокерийн компанид хувьцааны данс нээлгэх, арилжааны банкуудын үйлчилгээтэй нэг дор танилцаж, хадгаламж, зээл гэх зэрэг санхүүгийн шийдвэр гаргалтаа хийх, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодтой танилцах, даатгалын компаниудын санал болгодог жолоочийн, амь насны, аяллын, тэтгэврийн гэх мэт даатгалын багцуудыг нэг дор харьцуулж сонголтоо хийх боломжтой болохоос гадна орон сууц, газар, автомашин зэрэг өмчийн үнэлгээ хийдэг байгууллагуудын үйлчилгээтэй танилцах боломжтой юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top