Ирэх саруудад, иргэдэд төрөөс үзүүлж буй үйлчилгээ болгон дээр хэдий хэмжээний төсөв төвлөрч, хэдий хэмжээний зардал хуваарилагдсан байна гэдгийг бүрэн хамруулж тооцсон төсөв төлөвлөх, тайлан бүртгэлийн системийг сайжруулах талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар Дэлхийн банктай хамтран ажиллахаар болоод байна.
Ер нь Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн онд хэдий хэмжээний хөрөнгө төсвийг авто зам сайжруулах зорилгоор зарцуулсан бол? Сургуулиудын үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулагдсан бол? Хүн амын орлогын албан татвараар хэдий хэмжээний төсвийн орлого бүрдүүлсэн бол? гэдэг асуултуудад хариулт өгөх ажлуудыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Дэлхийн банктай хамтран хийж байгаа аж.
Нийслэлийн ИТХ-аас гаргасан хүсэлтийн дагуу Дэлхийн банк Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран Улаанбаатар хотын санхүүгийн тогтолцооны өнөөгийн байдлын талаар анхан шатны дүн шинжилгээг хийж, судалгаа явуулсан юм. Судалгааны дүнг “Улаанбаатар хотын санхүүжилт” сэдэвт тайланд нэгтгэн, 2013 оны 1 дугаар сар 30-ны өдөр зохион байгуулагдсан хэлэлцүүлэг уулзалтын үеэр танилцуулсан.
Дэлхийн банкны хотын хөгжлийн ахлах мэргэжилтэн хатагтай Мескерем Бреим хэлсэн үгэндээ “Улаанбаатар хот төсвийн орлогоороо иргэдэд үзүүлэх үйлчилгээнд зарцуулах хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх бүрэн бололцоотой гэдгийг судалгааны тайлан харуулж буйг дурьдаад, төсвийн орлого зарлагыг тайлагнах одоогийн тогтолцоо нь төсвийн сангийн зарцуулалтын бодит байдлыг хотын удирдлага болон татвар төлөгчдөд ойлгоход хүндрэл учруулж байна” хэмээн тэмдэглэж байсан. Харин Дэлхийн банкны Монгол улсад суугаа суурин төлөөлөгч Корали Гиверс “ Нийслэлийн удирдлага төсвийн зарцуулалтыг ил тод, нээлттэй байлгах, үүрэг хариуцлага хүлээх талаар чухал амлалт өглөө” гэсэн юм. Тэрээр “Иргэдийн үзэл бодлын тулгуур санаа болж болохуйц, хотын төсвийн талаарх илүү хэрэгцээ шаардлагатай, бодит мэдээллийг иргэдэд өгч, мөн хотын захиргаанд хариуцлагаа ухамсарлан ажиллах талаар Нийслэл хотын захиргаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх үйл хэрэгтээ Дэлхийн банк тууштай байх болно” гэж байсан.
Сэтгэгдэл ( 0 )