“Шинэ төмөр зам” ХХК-ийн 49 хувь хөрөнгө оруулагчдад нээлттэй

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 15

“Монголын төмөр зам” ТӨХК  хөрөнгө оруулагчдыг “Шинэ төмөр зам” ХХК-ийн 49 хувьд хөрөнгө оруулахыг албан ёсоор урьж байгаа  аж.

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын дагуу үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглах, тэдгээрийн бүтээгдэхүүнийг экспортлох зорилгоор 5600 км төмөр замын суурь бүтцийг 3 үе шаттайгаар барьж байгуулахаар шийдвэрлэсэн.

Түүнчлэн Засгийн газар 2012 оны 121 дүгээр тогтоолоор I ба II үе шатны төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг, 2013 оны 28 дугаар тогтоолоор “барих-ашиглах-шилжүүлэх” (“BOT”) концессийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгохоор шийдсэн билээ.

Монгол Улсын Засгийн газар шинэ төмөр замын энэхүү төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн концессийн хэлбэрээр хэрэгжүүлэхтэй холбогдуулан дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай тусгай зориулалтын “Шинэ төмөр зам” ХХК (SPV) байгуулахаар шийдвэрлээд байгаа юм.

Хөрөнгө оруулагчдыг уриад байгаа уг төсөл нь төмөр замын бодлогын I ба II үе шатанд барих 1900 км төмөр замын суурь бүтцийг санхүүжүүлэх, барих болон ашиглах хүрээг хамаарах юм. “Монголын төмөр зам” ТӨХК нь “Шинэ төмөр зам төсөл”-ийн дараах чиглэлүүдийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байгаа аж. Үүнд:

- Таван толгой – Сайншанд чиглэл (400 км),

- Сайншанд – Баруун-Урт чиглэл (350 км),

- Баруун-Урт – Хөөт чиглэл (140 км),

- Хөөт – Чойбалсан (150 км),

- Хөөт – Бичигт (200 км),

- Хөөт – Нөмрөг (380 км),

- Таван толгой – Гашуун сухайт (367 км).

 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн боловсруулсан техник-эдийн засгийн үндэслэлээр “BOT” нөхцлөөр төслийн нийт өртгийг 5.2 тэрбум ам.доллар байхаар тооцоолжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top