”Богдууд” биш борчууд л илүү сайн мэднэ дээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 17

"Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр"-ийн хэрэгжилт, гарсан үр дүнгийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын гишүүдэд өчигдөр танилцуулсан юм. Нийгэм, эдийн засагт хүчтэй нөлөөлдөг стратегийн бүтээгдэхүүн болох газрын тосны импортын хараат байдал манай улсад инфляци хөөрөгдөх суурь хүчин зүйл болсоор ирсэн. Иймд Монголбанк, Уул уурхайн яам хамтран санхүүжилтийн өртөг, ханшийн эрсдлийг гадаад зах зээлийн нөхцөлтэй уялдуулан зохицуулж, жижиглэнгийн газрын тосны бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахаар “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг өнгөрөгч оны 10 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас хэрэгжүүлэгч 11 компанид 3.8%-ийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Сүүлийн гурван сарын гадаад үнийн цочир өсөлт дотоодод шатахууны хомсдол үүсгээгүй, үнэ нь ард иргэдэд дарамт багатай туссан нь хөтөлбөрийн чухал үр дүн гэж Уул уурхайн яамнаас танилцуулж байх юм Дэд хөтөлбөр хэрэгжсэнээр сүүлийн хоёр сарын хугацаанд улсын хэмжээнд шатахууны нөөц 2 дахин, тэр дундаа АИ-92 бензиний нөөц 3.1 дахин нэмэгдсэн байна. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад олон эерэг үр дүн, статистик үзүүлэлт гарчээ.

2011 оны 5 дугаар сард газрын тосны бүтээгдэхүүний нөөц шавхагдан дизель түлш литр тутамдаа 310 төгрөгөөр өсч байсан, өнгөрсөн оны эхэн үед нэг хоногт газрын тосны бүтээгдэхүүний үнийг 250 төгрөгөөр нэмж дотоодын зах зээлд доргилт өгч байсан зэргээр сүүлийн жилүүдэд тулгарсаар ирсэн эрсдэл энэ жил дорвитой буурсан гэнэ.

Өөр нэгэн том үр дүн бол гадаад зах зээл дээрх үнэ өсөхөд дотоодын жижиглэнгийн худалдааны үнэд биш, харин бөөний худалдааны үнэд шингээдэг механизмд шилжиж эхэлсэн явдал. Хөтөлбөр хэрэгжиж эхлэх үеийнхтэй харьцуулбал дизель түлшний импортын хилийн үнэ 26%-иар, дотоодын зах зээлд бөөний үнэ 28%-иар өссөн байхад жижиглэнгийн үнэ 6%-иар л нэмэгджээ.

Манай улс шатахууныг 100% импортоор авдгийн 91%-ийг нь зөвхөн ОХУ-аас нийлүүлдэг. 269 орныг хамруулан хийсэн олон улсын судалгаанаас үзэхэд, шатахууны импорт нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас дээш хувь эзлэхэд л макро эдийн засагт эрсдэл дагуулж болзошгүй байдаг аж.

Гэтэл манай улсын шатахуун дотоодын нийт бүтээгдэхүүний 13%-ийг эзэлдэг тул ийнхүү тухайлсан дэд хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсгэсэн юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зээлийн хүүгийн зардал, валютын ханшийн өсөлтөөс компаниудад үзүүлж байгаа санхүүгийн дарамтыг бууруулж, гадаад үнийн өсөлтөөс бусад тохиолдолд дотоодын жижиглэнгийн үнэ өсөхгүй байх нөхцөл бүрдүүлсэн хэмээн Засгийн газрын гишүүд дүгнэсэн юм. 

Үнэхээр манай Засгийн газар нефтийн бүтээгдэхүүн импортогч үндэсний томоохон компаниудад хэдэн тэрбумын хөнгөлөлттэй зээл олгож үүнийхээ үр дүнг үзэж чадсан уу гэдэгт ард түмэн дүн тавина. Цагаан сарын өмнөхөн шатахууны үнэ нэмэгдсэн хэдий ч үнээ нэмсэн нөхдүүд 350 төгрөгөөр нэмэгдэх байсан ч төрөөс хөнгөлөлттэй зээл олгосон учраас харин ч багаар нэмэгдлээ хэмээн ард түмнийхээ тархийг барьсан юм. Үүнээс гадна шатахууны үнэ дагасан үнийн хөөрөгдөл гаргахгүй хэмээж байсан ч ченжүүдийн гараар орсон өргөн хэрэглээний бараа таваар, мах сүү, цагаан идээ үнээ тогтвортой барьж чадаагүй. Сар шинийн баяр дөхөх тусам үнээ хөөрөгдөж ууцны үнэ 150-300 хүрч харин үхрийн өвчнүүний үнэ хаданд гарсан. Хэдийгээр шатахууны үнэ 50-хан төгрөгөөр нэмэгдсэн ч гэсэн жижиглэнгийн худалдаа эрхлэгчид мөн л чихэр жимс, печень, набор гээд сар шинийн баяраар гүйлгээ сайтай байдаг барааныхаа үнийг 50-150 төгрөгөөр нэмсэн  байсан юм. Үүнийг манай Засгийн газрынхан шатахуунаас хамааралгүй үнийн өсөлт хэмээн дүгнэж буй бололтой юм. Тэгээд бас  хөтөлбөр хэрэгжиж эхлэх үеийнхтэй харьцуулбал дизель түлшний импортын хилийн үнэ 26%-иар, дотоодын зах зээлд бөөний үнэ 28%-иар өссөн байхад жижиглэнгийн үнэ 6%-иар л нэмэгджээ. Зургаахан хувиар шүү. Эрх баригчдын баярлаж дүгнээд байгаа эл зургаахан хувь нь ард түмний нуруун дээр хэр ачаа үүрүүлсэн бол гэдгийг "богдууд" биш борчууд л илүү сайн мэднэ дээ.

Н.Молор

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top