Нидерландын талтай хамтран шилэн хүлэмж байгуулах хэлэлцээ хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц. Туваан тэргүүтэй төлөөлөгчид ХБНГУ-д ажлын айлчлал хийгээд иржээ. Тэд ХБНГУ-ын Хүнс, Хөдөө аж ахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яамны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга ноён Герд Мюллертэй албан уулзалт хийсэн байна. Уулзалтанд монголын талаас Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, тус яамны Газар тариалангийн газрын дарга Ц.Рэнчинсэнгээ, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Биндэръяа, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Даваадорж, ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн атташе Ц.Энхсайхан нар оролцжээ.

Дэд сайд Ц.Туваан уулзалтын үеэр ХАА-н салбар нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн нэг тулгуур багана болохыг цохон тэмдэглээд Шинэчлэлийн засгийн газраас баримталж буй хүнс, ХАА-н салбарын бодлогыг танилцуулж, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн чиглэлээр өмнө эхлүүлсэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байна.

Талууд хоёр орны ХАА-н яам хооронд хэрэгжүүлж буй Герман-Монголын газар тариалангийн “Загвар аж ахуй” төслийн нээлтийг төлөвлөгөөний дагуу энэ оны 5 дугаар сард хийх, төслийн удирдагчаар Германы мэргэжилтэнг ажиллуулах, цаашид элит үрийн сангийн аж ахуйг хамтран байгуулах, Герман үүлдрийн малын санг Монголд нутагшуулах, био газ үйлдвэрлэх, саалийн фермийн аж ахуй, сүү боловсруулах иж бүрэн төслийг хэрэгжүүлж загвар аж ахуйн хүрээг өргөжүүлэх боломжийн тухай дэлгэрэнгүй ярилцав. Мөн Засгийн газрын сүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилтийн хүрээнд саалийн үнээний асаргаа, маллагааны талаар өөрсдийн фермерүүдийг Германд дадлагажуулах талаар санал солилцлоо.

Дэд сайд Ц.Туваан айлчлалаа Нидерландын Вант Улсад үргэлжлүүлэн тус улсын Хөдөө аж ахуйн яамны удирдлагуудтай уулзан Монгол улсад орчин үеийн дэвшилтэд технологи бүхий шилэн хүлэмжийг байгуулахад хамтран ажиллах талаар хэлэлцээ хийх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top