Засгийн газраас авто замын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлж, 2015 онд Нийслэл Улаанбаатар хотыг бүх аймгийн төвүүдтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилтыг дэвшүүлээд байгаа. Тэгвэл энэ зорилтын хүрээнд өндөр мэргэжилтэй инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчидыг бэлтгэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, зураг төслийн болон зам барилгын компаниудын чадавхийг нэмэгдүүлэх зэрэг цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх болно гэдгийг Зам, Тээврийн сайд А.Гансүх мэдэгдэв.
Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсад анх удаа “Авто зам экспо-2013” шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн-семинарыг 2013 оны 3 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
“Авто зам экспо-2013” олон улсын үзэсгэлэнгээр олон улсад хэрэгжиж байгаа дэвшилтэд техник, технологийг танилцуулах, хөрөнгө оруулагчид болон авто замын ажил гүйцэтгэгчид нэгэн дор цуглаж өөрсдийн үйл ажиллагаа, арга туршлагыг танилцуулан, мэдээлэл солилцох, бизнесийн түншлэгчтэй харилцаа холбоо тогтоох боломжийг олгох юм байна.
Мөн энэ үеэр зохиогдох семинараар өөрийн орны болон олон улсын инженер техникийн ажилтан, зөвлөх инженерүүд цуглаж шинэ дэвшилтэд техник, технологи, материалын чиглэлээр илтгэл тавьж хэлэлцүүлснээр Монгол орны зам цаг уурын нөхцөлд тохирсон технологийг сонгон авто замын салбарын бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлэх боломжтой болох аж. Тиймээс авто замын барилгын салбарт ажиллагсад, бизнес эрхлэгч, Их дээд сургууль, мэргэжлийн боловсролын төвийн багш оюутнууд та бүхнийг өөрийн үйл ажиллагаа, бизнесийг өргөжүүлэх, мэдээлэл авах, хамтран ажиллах, байгууллагаа сурталчлах зэргээр олон улсын үзэсгэлэн – семинарт өргөнөөр оролцохыг салбарын яамнаас уриалав.
Сэтгэгдэл ( 0 )