Хавдар судлалын үндэсний төвийн тоног төрхөөрөмжийг шинэчлэхэд 7 сая евро зарцуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Н.Батбаяр Бээжин хотоос Монгол улсыг хавсран суугаа Бүгд Найрамдах Австри улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Ирэнэ Гинер-Райхл болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Сайд Н.Батбаяр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 7 дугаар сарын 1-нд тохиож буйд баяртай байгаагаа илэрхийлээд, шинэ засгийн газрын зүгээс хийхээр төлөвлөөд байгаа төмөр зам,цахилгаан станц байгуулах болон “Гудамж”,“Сум”зэрэг төслүүдийн талаар товч танилцуулга хийсэн байна.

Элчин сайд Ирэнэ Гинер-Райхл эрчим хүчний салбарын үр ашгийг сайжруулах институт, цэвэрлэх байгууламж байгуулах болон дэд бүтэц, хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг хэд хэдэн салбарт туршлага солилцох, цаашид хамтран ажиллах боломжтой болохоо мэдэгдэв.

БНАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн Газарт Санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбаруудад олгохоор тохиролцоод байгаа.

Энэ хүрээнд эхний ээлжинд эрүүл мэндийн салбарт 7 сая еврогийн төсөвтэй “Хавдар судлалын үндэсний төвийн тоног төрхөөрөмжийн шинэчлэх” төслийг хэрэгжүүлэхээр хоёр тал тохиролцоод байна.

Сайд Н.Батбаяр уулзалтын үеэр тодорхой салбарт чиглэсэн цөөхөн, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлэх нь зүйтэйг тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд Элчин сайд Ирэнэ Гинер-Райхл, 2013 оны 3 дугаар сарын 11-ны өдөр Австри улсын Вена хотноо “Австри-Монголын бизнес” форум зохиогдох гэж буйг дуулгаад монголын талаас төлөөлөгч оролцохыг урьсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top