Монголын төмөр замаар Европт хүрэх гарцыг нээлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

Гадаад харилцааны сайд Л.Болд Женев хотноо болж буй “Европ-Азийн хуурай газрын тээврийн сүлжээний үйл ажиллагаа” сэдэвт Сайд нарын ээлжит 2 дугаар хуралд оролцож, “Европ-Азийн хуурай газрын тээврийн сүлжээний ирээдүйн хөгжлийн тухай хамтарсан мэдэгдэл”, “Евро-Азийн төмөр замын тээвэр болон төмөр замын тээврийн хууль тогтоомжийг нэгтгэхэд чиглэсэн үйл ажиллагааны тухай хамтарсан тунхаглал” гэсэн улс төрийн хоёр баримт бичигт 26-ны өдөр гарын үсэг зурлаа.

“Евро-Азийн хуурай газрын тээврийн сүлжээний ирээдүйн хөгжлийн тухай хамтарсан мэдэгдэл” гэсэн улс төрийн баримт бичигт Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Алматын үйл ажиллагааны хөтөлбөрийн тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах,  Европ-Азийн тээврийн сүлжээнд тохиолдож буй аливаа саад тотгорыг үе шаттай арилгах, Европ-Азийн тээврийн сүлжээний дэд бүтцийн төсөл хөтөлбөрийг урт хугацаанд  санхүүжүүлэхэд санхүүгийн тааламжтай нөхцөлийг бий болгох, тухайн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих үр дүнтэй механизмыг бий болгох зэрэг зорилтыг дэвшүүлсэн нь Монгол Улсын тээврийн салбарыг хөгжүүлэх, манай улсын бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд хүргэх, эл салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Европ-Азийн төмөр замын тээвэр болон төмөр замын тээврийн хууль тогтоомжийг нэгтгэхэд чиглэсэн үйл ажиллагааны тухай хамтарсан тунхаглал. Ази болон Европ тивийн улс орнуудын төмөр зам өөр хоорондоо ялгаатай хууль тогтоомжоор зохицуулагдаж буй нь төмөр замаар тээвэр хийх өртгийг нэмэгдүүлж байгааг энэхүү баримт бичигт онцолж, улмаар эл асуудлыг дараах арга замаар шийдвэрлэх зорилтуудыг дэвшүүлсэн.

Тухайлбал, транзит тээвэр хийхэд дэмжлэг үзүүлэхүйцээр Европ, Ази тивийн улсуудын аль алины хувьд хүчин төгөлдөр байх нэгдсэн дүрэм журмыг боловсруулах, төмөр зам, авто зам, агаарын тээвэр, далайн тээврийн салбар дахь олон улсын гэрээ, конвенцуудаас төмөр замын тээвэртэй холбоотой хэсгийг түүвэрлэж нэгтгэх замаар нэгдсэн зохицуулалтыг бий болгох, төмөр замын асуудал эрхэлсэн олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг өөр хооронд нь уялдуулах замаар нэгдсэн зохицуулалтыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төмөр замын тээвэрт цахим баримт бичиг бүрдүүлэлтийг нэвтрүүлэх зэрэг зорилтыг уг баримт бичигт тусгасан.

Энэхүү баримт бичигт гарын үсэг зурснаар Монголын төмөр замын хөгжлийн гадаад эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бусад улсын төмөр замтай холбогдох, улмаар Европт хүрэх эхлэлийг нээсэн чухал арга хэмжээ боллоо.

Гадаад харилцааны сайд Л.Болд “Европ-Азийн хуурай газрын тээврийн сүлжээний үйл ажиллагаа” сэдэвт Сайд нарын хуралд оролцох үеэр Эстони улсын Гадаад харилцааны сайд Урмас Паэт-тай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох үеэр ирэх 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн орнуудын Сайд нарын хуралд оролцохыг урив. Эстонийн Гадаад харилцааны сайд Улаанбаатарт болох хуралд оролцохоор ажиллаж буйг мэдэгдээд Гадаад харилцааны сайд Л.Болдыг тааламжтай цагт Эстонид хүрэлцэн ирэхийг урив.

Түүнчлэн, Л.Болд сайд Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал хариуцсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Гаяан Чандратай уулзаж, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын үйл ажиллагааны тухай Алматын тунхаглалын хэрэгжилтийг хэлэлцэх НҮБ-ын өндөр хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар санал солилцов. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Гаяан Чандра далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашигийг хамгаалахад Монгол Улсын гаргаж буй хүч чармайлтыг НҮБ-ын зүгээс өндрөөр үнэлдлийг илэрхийлж, Улаанбаатар байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаанд цаашид тусалж дэмжихээ илэрхийлэв. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top