Шатахууны жижиглэнгийн үнэ тогтворжсон гэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

Уул уурхайн яам, Монголбанктай хамтран “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах (SIFS)” дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Тэгвэл 2012 оны байдлаар нийт 11 хэрэгжүүлэгч компанид 3.8 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа аж.

Дэд хөтөлбөр хэрэгжснээр сүүлийн хоёр сарын хугацаанд улсын хэмжээнд шатахууны нийт нөөц 2 дахин, тэр дундаа АИ-92 шатахууны нөөц 3.1 дахин нэмэгджээ. Газрын тосны бүтээгдэхүүний нөөц нэмэгдсэнээр үнийн огцом өсөлтийн эрсдэл буурах эерэг үзэгдэл ажиглагдаж байгааг салбарын Уул уурхайн яамнаас мэдэгдлээ.

 Засгийн газрын 134-р тогтоолын үр дүнд шатахууны хилийн үнийн хэлбэлзлийг дотоодын жижиглэнгийн худалдааны үнэд бус харин бөөний худалдааны үнэд шингээдэг механизмд шилжээд байгаа аж. Улмаар ОХУ-аас авч буй газрын тосны бүтээгдэхүүний үнэ дотоодын жижиглэнгийн үнийн литр тутамд 325 төгрөгөөр өсөх нөлөөлтэй байсныг зогсоож чадсан гэлээ.

Дэд хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд шатахууны жижиглэнгийн үнэ 100 төгрөгөөр өсчээ.

Энэ оны хоёрдугаар сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд А-80 автобензин 49 хоног, Аи-92 автобензин 54 хоног, Дизелийн түлш 31 хоногийн нөөцтэй байгаа гэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top