Бид Оросыг хүлээх зуураа, Хятадуудтай хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 01

Манай улс импортын шатахууны хамаарлаас гарах том зорилтыг урдаа тавиад ямар ч байсан зүтгэж байгаа. Тэгвэл энэ зорилтын хүрээнд Монгол Улсад Газрын тосны үйлдвэр барих ажлыг Японы холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, Кувейт Улс болон ОХУ хооронд газрын тосны своп хийж, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортоор авах талаар Кувейтын талтай яриа хэлэлцээр эхлүүлээд байгааг Уул уурхайн яамны зүгээс онцолж байна.

Мөн БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах, харилцан түүхий тос экспортлож газрын тосны бүтээгдэхүүн авах яриа хэлэлцээрүүд хийгдэж байгаа аж.БНХАУ-аас 2010 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд 10000 тонн багц бүтээгдэхүүн авах асуудлаар хэлэлцээр эхлүүлэн ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгч байна.

 Ер нь бол хойд хөршөөсөө нефтийн бүтээгдхүүний 98 хувь буюу хэт хамааралтай байдлаа багасгах тал дээр ийм маягаар ч гэсэн анхаарч байгаа аж. Мэдээж манайх дотооддоо тосоо боловсруулж, бүс нутгийн чанартай хэрэглээгээ хангаад байдаг болчихвол хэт хамаарал бага ч гэсэн буурах ёстой. Гэсэн ч тэр хүртэл бас чамгүй асуудал үүсч таарах гээд байгаа.

 Ямартай ч өнгөрөгч нэгдүгээр сард Уул уурхайн Дэд сайд  нарын эрхмүүд ОХУ-д айлчилж тус улсын Эрчим хүч яам, Гадаад хэргийн яам мөн Роснефть компанийн удирдлагатай уулзах үеэр манай талаас албан ёсоор гурван санал тавьсан. Тэдний зүгээс хааж боогоод байгааг хэлчихээд ирсэн гэж байгаа.

 ОХУ-ын Засгийн газар сүүлийн 4 сар экспортын татвараа бууруулсан ба дэлхийн зах зээлд газрын тосны үнэ харьцангуй тогтвортой байсан. Гэтэл Роснефть компаниас нийлүүлж байгаа бүтээгдэхүүний хилийн үнэ байнга нэмэгдэж ирсэн. Тухайлбал ОХУ-ын Төв банкны статистик мэдээлэлд үндэслэн хийсэн судалгаагаар ОХУ-аас бусад орнуудад нийлүүлж буй үнээс Роснефть компанийн Монголд нийлүүлж буй үнэ дунджаар 300 ам.доллараар өндөр байгаа. Тиймээс ч манай зүгээс  Оросуудад:

 -Роснефть компанийн бүтээгдэхүүний үнэ экспортын татвар болон дэлхийн зах зээлийн үнэтэй уялдахгүй байна гэдгийг хэлсэн.

 -Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг шинэчилж уг гэрээнд үнийг 6 сарын хугацаанд тогтвортой байлгах, санхүүгийн хэрэгсэл /форвард, фьючерс, хеджинг/ ашигласан гэрээ байгуулахыг санал болгосон.

 -Боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой “Роснефть” компанитай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, 2 сая тонн газрын тос худалдан авах боломжтой эсэх саналыг Роснефть компанид тавьсан байгаа  юм.

 Саналыг сонссон Оросын тал газрын тосны бүтээгдэхүүний үнээ эргэж харахын сацуу бусад асуудлыг судалж хариу өгөхөө илэрхийлсэн ч, өнөөдрийн тухайд тодорхой хариу өгөөгүй. Манай тал хүлээлтийн байдалтай байна.

Б.Итгэлт

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top