Хүүний коридорыг шинээр нэвтрүүлэхээр болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 01

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, нэг талаас дотоодын макро эдийн засгийн орчин, мөнгөний зах зээлийн хөгжлийн шаардлага, нөгөө талаас мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх олон улсын шилдэг туршлагад суурилан хүүний коридорыг шинээр нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ.

Хүүний коридорыг нэвтрүүлж, мөнгөний бодлогын хэрэгслүүдийг боловсронгуй болгосноор богино хугацаат хүүг илүү үр дүнтэй удирдан хэлбэлзлийг нь бууруулах, хүүний сувгийн нөлөөллийг сайжруулах,  мөнгөний бодлогын хэрэгжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэнэ.

Энэхүү шийдвэрийн хүрээнд  мөнгөний бодлогын хэрэгслийн хүүний бүтэц бүрэн шинэчлэгдэх төдийгүй овернайт репо санхүүжилт,  овернайт хадгаламж гэсэн шинэ хэрэгслүүд бий болох аж.

Шинээр нэвтрүүлэх хүүний коридорын өргөн нь Монголбанкны бодлогын хүүнээс +/-2 нэгж хувь байх бөгөөд коридорын дээд хязгаарыг овернайт репо санхүүжилтийн хүү (бодлогын хүү + 2 нэгж хувь), харин доод хязгаарыг овернайт хадгаламжийн хүү (бодлогын хүү - 2 нэгж хувь) тус тус  тодорхойлох юм байна.

Бодлогын уг арга хэмжээг авснаар банк хоорондын зах илүү үр ашигтай ажиллах, Төв банкны үнэт цаасны хэмжээ буурах суурь нөхцөл бүрдэхийн зэрэгцээ Монголбанкнаас банкуудын авах санхүүжилтийн хүү буурч, эдийн засгийн идэвхжилд эерэгээр нөлөөлнө гэж Мөнгөний бодлогын зөвлөл үзжээ.

.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top