Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абе Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Харухико Куродаг өөрийн улсын Төв банкны Ерөнхийлөгчөөр нэр дэвшүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Харухико Курода төв банкны Ерөнхийлөгч болох нь тодорхой болоод байна. Засгийн тэргүүн Шинзо Абегийн хувьд тус улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж ирсэн дефляцийн байдлыг арилгах хүн гэж Харухико Куродаг үзэж байгаа. Ноён Харухико Курода ч дефляцийг зогсоохын тулд бүхий л арга хэмжээг авна гэдгээ мэдэгдээд байна. Тэрээр итгэлтэй мэдэгдэл хийсэн нь Японы хөрөнгийн биржийн гол индексийг өсгөж, хэт чангаралт явагдаад байгаа иений ханшийг сулруулсан юм.
Тэгэхээр төв банкны зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээг өөдрөгөөр хүлээж байгаа хүлээлт зах зээлд байгаа гэдэг нь харагдаж байна. Шинжээчид цаашид Япон Улсын Засгийн газар, Төв банктайгаа хослон эдийн засгаа дэмжих арга хэмжээнүүдийг авна гэж харж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )