Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 7.8 сая ам.доллар 1402.37-1405 төгрөгийн ханшаар худалдах санал ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна. Юанийн дуудлага худалдаагаар банкууд арилжааны санал ирүүлээгүй аж.
Ер нь өнгөрөгч долоо хоногийн сүүлийн дуудлага худалдаагаар Монголбанк ам.доллар, юань худалдсан нь дотоодын зах зээл дээрх ам.доллар, юаний ханшийн чангарах талдаа байсан хэлбэлзлийг зогсоосон гэж арилжааны банкууд үзэж байгаа аж. Арилжааны банкууд Төв банкинд хандан 86.3 сая ам.доллар, 88 сая юань худалдан авах санал ирүүлсэн нь валютын эрэлт өндөр байгааг харуулсан юм. Долоо хоногийн сүүлээр ам.доллар 1408 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр Монголбанкны албан ханшийг харахад ам.доллар 1,402.37 төгрөгтэй тэнцүү байна. Харин Хаан банкны ханшаар ам.доллар авах 1392 төгрөг, зарах 1407 төгрөг байна. Юаний ханшийн тухайд өнгөрөгч долоо хоногийн сүүлээр 226.30 төгрөгөөр арилжаалагдаж байсан бол өнөөдөр Монголбанкны зарласан ханш 225.58 төгрөг байгаа бол Хаан банкны авах ханш 223.90 төгрөг, зарах ханш 226.70 төгрөг байна.
Харин энэ өдрийн Монголбанкны ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 20 сая ам.долларын дүнтэй тэнцэх төгрөгийн своп хийх санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )