Монгол Улс нефть экспортлогч орон болж байгааг З.Энхболд дуулгав

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 09

УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Уянга, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, УИХ-ын даргын зөвлөх Д.Ганзориг болон албаны бусад хүмүүс орон нутаг дахь томилолтынхоо хоёр дахь өдөр Дорнод аймгийн төвд ажиллалаа.

УИХ-ын даргыг төв талбайдаа хүндэт харуул жагсан угтаж авсны дараа аймгийн удирдлагууд энэ онд улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөж буй ажил, өвөлжилт хаваржилтын байдлаа танилцуулсан юм. Тус аймгийн 2013 оны орон нутгийн төсвийн нийт орлого 50 тэрбум төгрөг агаад үүний 11,1 тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангийн болон төсвийн хөрөнгө оруулалтад, 7 тэрбумыг халамжийн сангаас олгох зардалд, 23,9 тэрбумыг нь тусгай зориулалтын шилжүүлгийн орлогоор санхүүжигдэх төсөвт байгууллагуудын санхүүжилтэд, 8 тэрбумыг төсөвт байгууллагуудын урсгал зардал болон орон нутгийн нөөцийн сан, байгаль хамгаалах сангийн зардалд тус тус зарцуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн энэ онд тус аймагт 41,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн гэдгээ аймгийн Засаг даргын орлогч П.Хишигтогтох танилцууллаа.

Одоогоор аймгийн бүх суманд 20-60 см зузаан цасан бүрхүүл тогтоод байгаагаас Халх гол суманд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш 30 удаа цас орсны улмаас зудын байдалтай байгаа аж. Ялангуяа тус сумын 195 малчин өрхийн дийлэнх нь амьдардаг Ялалт багийнхан хамгийн хүнд байдалд байгаа учраас аймгийн удирдлагууд шуурхай арга хэмжээ авч улсын нөөцөөс авсан 2000 боодол өвс, 40 тонн хорголжин тэжээл, хоёр тонн гурилыг тус сумын малчдад тусламж болгож хүргүүлээд байгааг аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга А.Энхтүвшин ярьсан тухай УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байна.

Халх гол сум өнгөрсөн оны сүүлчээр 63724 мал тоолуулснаас одоогийн байдлаар 4600 орчим мал хорогдсон байна. Ялангуяа нийт үхрийнх нь талаас илүү хувь нь зуднаар хорогджээ. Уг нь малчид боломжийнхоо хэрээр өвс, тэжээлээ базаасан ч намар гарсан хээрийн түймрийн улмаас сумын мал сүргийн гол бэлчээр болсон талбайн 90 хувь нь юу ч үгүй шатсанаас орсон цас шуурч хунгарласан нь өвөлжилт хаваржилтад ихээхэн хүндрэл учруулж байгаа аж.

“Удахгүй мал төллөж эхлэхээр эцэж, ядарсан хээлтэй мал хорогдох эрсдэл их байна. Бид Засгийн газар, Улсын онцгой комисст хэд хэдэн удаа хандсан. Өөрсдийн чадахын хэрээр боломжтой бүх арга хэмжээг авч байна” гэдгээ А.Энхтүвшин дарга нэмж хэлэв. Хавар болж, дулааны улирал хаяанд ирж байгаа тул аймгийн удирдлагууд үхсэн малын сэг, зэмийг булж, халдваргүйжүүлэн ариутгах ажлыг ирэх сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Дорнод аймагт одоогоор газрын тосны дөрвөн компани үйл ажиллагаа явуулж байгаагаас хамгийн том нь “Петро Чайна Дачин Тамсаг” юм. Гэвч тус компани аймгийн төсөвт дорвитой нэмэр болж чадахгүй байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ус, агаар бохирдуулсан, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан, тээвэр, газрын төлбөрийн зэрэг дөрвөн төрлийн татварт нийтдээ 335 сая 980 мянган төгрөг төлжээ. УИХ-ын дарга томилолтынхоо хугацаанд “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаатай танилцах юм. “Тус компани энэ жилээс түүхий нефтиэ экспортлох бөгөөд үүнийг дагаад хоёр хөрштэй хэлэлцэх нефтийн бодлого өөрчлөгдөнө. Энэ оноос эхлэн Монгол Улс нефть экспортлогч орон болж байгаа” гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр дуулгав.

Тус аймагт Орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгийг зарцуулах журамгүйгээс бүтээн байгуулалтын зарим ажил удаашралтай байгаа аж. Түүнчлэн уул уурхай, газрын тосны олборлох компаниудын үйл ажиллагаатай холбоотойгоор 100 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг яаралтай барьж эхлэх шаардлагатай байгаа юм байна. Хэрэв хөрөнгө мөнгө нь шийдэгдвэл ийм станцыг гурван жилийн дотор барих боломжтойг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компанийн захирал Ч.Чинбат УИХ-ын даргад танилцуулсан юм. Одоогоор тус компанийн 30 мВт-ын цахилгаан станц Сүхбаатар аймгийн 11, Дорнодын 11 сумыг эрчим хүч, дулаанаар хангаж, хүчин чадлынхаа 70 хувийг ашиглан ажиллаж байгаа ажээ.

УИХ-ын дарга З.Энхболд тус аймаг дахь Зүүн бүсийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Зүүн бүсийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаа нэлээд үр дүнтэй явагдаж байгаа аж. Уул уурхай, хөдөө аж ахуй, төмөр зам, газрын тосны олборлолт, зам барилга гэсэн таван чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй тус төвийг төгсөгчид ажлын байраар бүрэн хангагдаж байгаа сайхан мэдээг УИХ-ын даргад дуулгав. Учир нь мэргэжилтэй ажилчдыг таамгаар бус, аж ахуйн нэгж, байгууллагуудтай нягт харилцаж, тэдний эрэлтэд тулгуурлан бэлтгэх бодлого барьж буйгаа тус төвийн захирал Д.Энхжаргал ярилаа. Дөрвөн жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлэх гээд хятад хэлээр хэвлэгдсэн сурах бичиг бариад зогсож байснаа бодоход сургалтын материаллаг бааз, туршлага сайтай болсныг нь УИХ-ын дарга үнэлж байв. Харин төгсөж буй мэргэжилтнүүдэд зэрэг олгох, цаашид их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжийг нэгдсэн бодлогоор хангах шаардлагатай байгааг УИХ-ын дарга хэллээ. Түүнчлэн тус сургуулиас олон улсын сайн дурын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа мөөгний тариалалтыг дэмжиж, цаашид жижиг, дунд үйлдвэрийн бизнес болгох бололцоотойг зөвлөж байв.

Одоогоос арван жилийн өмнө манай улсын хэмжээнд Бүсийн оношлогооны дөрвөн төв байгуулсны нэг нь Дорнод аймагт байдаг. Тус төвд 2005 онд Европын Холбооны 4.7 сая еврогийн төсөл хэрэгжсэнээр өдгөө компьютер томограф, эхо, рентген, гимодезийн гээд оношлогооны орчин үеийн өндөр хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжтэй болжээ. Ингэснээр тус аймгийн иргэд оношлогоо хийлгэхээр заавал нийслэлийг зорих шаардлагагүй болсон байна. Түүнчлэн дурангийн хагалгаа, бөөрний дутагдлын эмчилгээг хүртэл эндээ хийж байгаа, эмч нар нь ч гадаад, дотоодод мэргэжил, ур чадвараа дээшлүүлжээ. Харин хүний нөөц, тэр дундаа эх барих эмэгтэйчүүдийн эмч дутмаг, эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Долгор хэллээ.

УИХ-ын дарга мөн өдрийн орой аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэж шийдвэрлэсэн хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэрийн талаар мэдээлж, иргэд сонгогчидтой санал бодлоо хуваалцав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top