Яг хоёр жилийн өмнөх энэ өдөр Япон Улсад 7.9 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 10 метр цунами үүссэний улмаас Фукушимагийн Атомын цахилгаан станцад осол болж, дэлхий нийтийг түгшээж байсан билээ. Дэлхийн улс орнуудад болж байсан цөмийн ослуудаас хамгийн ноцтой хор хохирлыг дагуулсан гэдэг Чернобылын станцын ослыг 7 дугаар зэрэглэлийн ослоор үнэлдэг бол Фукушимагийн ослыг мөн 7 дугаар зэрэглэлийн ослоор үнэлсэн байдаг. Гэхдээ ийм дүгнэлтийг хийсэн тус улсын Эдийн засаг аж үйлдвэрийн яамны Цөмийн эрчим хүчний аюулгүйн байдлын хүрээлэн болон Цөмийн эрчим хүчний аюулгүйн байдлын зөвлөл нь Фукушимагаас алдагдсан цацраг идэвхт бодисын хэмжээн дээр зөрүүтэй байр суурьтай байдаг бөгөөд Чернобылын станцаас алдагдсан цацрагийн хэмжээний 10 хувьтай тэнцэнэ гэх нь ч бий. Мэдээж энэ бол заавал итгэх ёстой тоо хэмжээ биш. Ер нь Фукушимагийн осолтой холбоотой янз бүрийн мэдээлэл бий. Тэдгээрээс 2011 оны 12 сарын 2-ны Нью Йорк Таймс сонинд нийтлэгдсэн Хелен Калдикотын нийтлэл ихээхэн сонирхолтой. Цөмийн аюулын эсрэг идэвхтэй тэмцэгч Амарлин түүний нийтлэлийг орчуулан Golomt.org-д нийтэлсэн байдаг. Тус нийтлэлд “... Өнгөрсөн 3 дугаар сард гэмгүй иргэдийн гэрийн хажууд байрлах Фукушима Даичигийн реакторууд хайлcнaap цөмийн эрчим хүч гэгчээс учирч болзошгүй хор хөнөөл нь түүний ашиг тустай харьцуулшгүй их юм гэдэг нүцгэн үнэн дэлхий нийтэд тодорхой боллоо гэж бодогдсон. Хуучны нэг хошигнолд гардагчлан “Цөмийн эрчим хүч гэж ус буцалгах хамгийн ёрын арга“ ажээ.
Гэтэл цөмийн эрчим хүчний салбарынхан хүмүүсийн гай зовлонг далимдуулан лоббидох хүчин чармайлтаа улам өргөжүүлж байна. Эмгэнэлт явдлаас хойш хэдхэн улс орон цөмийн эрчим хүчнээс үе шаттайгаар татгалзахаа зарласан. Дийлэнх орнууд сонгосон замаараа эргэж буцалтгүй замнахаар шийдсэн. Харин Фукушимагийн гамшиг болон цөмийн эрчим хүчний ашиглалтаас үүдэн манай гаригийн хэдэн сая гэмгүй иргэдийн амь нас, эрүүл мэнд хутганы ирэн дээр байгааг бид анзаарч мэдээгүй хэвээр.
Одоогоос 25 жилийн өмнө Чернобылийн АЦС дэлбэрч, цацраг идэвхт хор агаар мандалд цацагдахад дэлхий нийт анх удаагаа цөмийн осол аюулын тухай сэрэмжлүүлэг авсан. Тэнгэрт цацагдсан цацрагт бодис хорт бороо болон газарт бууж, дэлхийн бөмбөрцгийн хойт хэсэгт аюултай бүсүүд үүссэн. Нью Йорк хотын ШУА-aас эмхэтгэж, хэвлүүлсэн Зүүн Европын судлаачдын судалгаанаас үзвэл Европын газар нутгийн 40 орчим хувь нь цезий-137 зэрэг цацраг идэвхт бодист хордсон ба эдгээр бодисууд нь хүний хүнсийг хэдэн зуугаас хэдэн мянган жил хордуулсаар байх болно гэжээ. Ослын улмаас Туркээс Хятад хүртэл Ази тивийн өргөн уудам хэсгүүд, Хойт Африк, Хойт Америкийн газар нутгууд мөн бохирдсон. Өнөөдөр ч тус нутгуудад оршин суугч 200 сая хүн аюултай орчинд амьдарч байна.
Судалгаанд Чернобылийн гамшгаас үүдэлтэй учир шалтгааны улмаас 1 сая хүн нас нөгчсөн гэж дүгнэжээ. Хохирогчид хорт хавдар, төрөлхийн гажиг, дархлалын хомсдол, халдвар, зүрх судасны өвчин, дотуур шүүрлийн булчирхайны гаж хөгжил, болон цацрагийн үр дагаврын улмаас нэмэгдсэн нялхсын эндэгдлээp нас баржээ. Беларуст хийсэн судалгаанд Чернобылийн ослоос өмнө нийт хүүхдийн 90 хувь нь үзлэгээр эрүүл гарч байсан бол гамшгаас хойш 14 жилийн дараа буюу 2000 онд хүүхдүүдийн 20 хүрэхгүй хувь нь эрүүл байгааг бичжээ. Өнөөдөр Фукушимагийн ослыг Чернобылийн дараа орох хамгийн аймшигт цөмийн гамшиг гэж нэрлэж байна. Харин урт хугацаанд илрэх үр дагавар нь xapaaxaн илэрч амжаагүй байна. Хүн амын эрүүл мэндэд үзүүлэх Фукушимагийн ослын хор уршиг нь Чернобылийнхтэй дүйцэхүйц эсвэл түүнээс ч давж гарахыг үгүйсгэхгүй. Фукушима одоо ч аюултай хэвээр, АЦС-уудын байдал түгшүүртэй, агаар, усанд цацраг идэвхит бодис цацагдан нэвчсээр байгаа.
Иргэдийн бүлэглэлүүд, олон улсын байгууллагуудаас АНУ-ын засгийн газартай хамтран явуулсан саяхны мониторингийн явцад Токиод болон бусад нутгуудад цацраг идэвхжил өндөртэй аюултай газруудыг олж илрүүлжээ. Гэтэл Японы засгийн газар осолдсон АЦС-ын ойролцоох нутгийнханд шилжин суурьших зөвлөмж өгч байснаа цацрагийн түвшин аюултай хэвээр байгааг үл харгалзан өнгөрсөн 9-р сарын сүүлчээр зогсоожээ. Засгийн газрын тооцоогоор цацрагийн бохирдлыг цэвэрлэхэд наанадаж 13 тэрбум ам. доллар зарцуулах аж.
Цацрагт маш ихээр бохирдсон зарим нутгуудад, нэн ялангуяа Фукушимагаас баруун хойт зүгт олон мянган хүн амьдарсаар байна. Цацраг идэвхт элементүүд Японы хойт хэсэгт хуримтлагдаж, Токиогийн крантны усанд илэрсэн төдийгүй цай, үхрийн мах, цагаан будаа, бусад хүнсэнд өндөр тунгаар хуримтлагджээ. Ослоос хойш цацраг идэвхийн нөлөөний талаар цөөн тооны судалгаа хийгдсэн. Тэдний нэг нь болох Фукушима хотын хүүхдүүдийн бамбай булчирхайны судалгаанд 1000 гаруй хүүхэд хамрагдсаны 50-иас дээш хувь нь йод-131 гэгч бодист хордсон нь тогтоогдсон бөгөөд тэдгээр хүүхдүүд ирээдүйд бамбай булчирхайны хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй ажээ.
Цацраг туяаны хорт хавдар үүсгэгчийн нөлөөнд хүүхэд, ялангуяа ураг онцгой мэдрэмтгий байдаг. Чернобылийн ижлээр, Фукушимагийн осол бол дэлхий нийтийг хамарсан гамшиг мөн. Канадын Бритиш Коламбия, АНУ-ын баруун, зүүн эргийн дагуу, түүнчлэн Европ тивд цацрагийн хэмжээ нэмэгдсэн бол далайн уснаас ч өндөр түвшний цацрагийн бохирдол илэрчээ.
Олон Улсын Атомын Энергийн Газрын ашигладаг хэмжүүрээр Фукушимагийн ослыг “хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд өргөн хүрээний үр нөлөө үзүүлэхүйц ” 7-р зэрэглэлийн осол хэмээн ангилсан. Энэ нь хүн төрөлхтөний түүхэнд урьд нь ганцхан удаа тохиолдож байсан 7-р зэрэглэлийн осол болох Чернобылийн гамшигтай хэмжээ далайц ижил гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр тус байгууллагын мөрддөг журмaнд 7-оос дээш зэрэглэл байдаггүй аж.
Ослын дараа лоббидогч бүлэглэлүүд цөмийн байгууламжийн аюулгүй байдал өмнөхөөсөө сайжирсан хэмээн шагшин магтах болсон. Фукушима Даичигийн реакторуудыг хариуцдаг Токио Электрик Пауэр Компани (ТЕПКО) Япон улсын засгийн газрын хамтаар зурагт радиогийн компаниуд, интернэтийн үйлчилгээ үзүүлэгчдээр дамжуулан цөмийн ослын тухай сөрөг мэдээллийг олон нийтэд дэлгэх явдлыг хязгаарлаж байсан.
Английн Гвардиан сонинд бичсэнээс үзэхэд цунами болсны дараах өдрүүдэд Арева, ИДФ Энержи (EDF Energy) болон Венстингхауз (Тошиба компаний охин компани–Орч.) зэрэг цөмийн эрчим хүчний салбарт ашиг сонирхол бүхий компаниуд ослын тухай таагүй мэдээ шинээр АЦС барих төлөвлөгөөнд нь нөлөөлөхөөс сэрэмжилсэндээ ослын цар хүрээг аль болох дарж мэдээлэх тал дээр Японы засгийн газартай хуйвалджээ.
Цөмийн эрчим хүч бол зэвсэг үйлдвэрлэгчдийн гар дахь “нууц хөзөр” байсаар ирсэн, үнэндээ дээрх хоёр салбарын амжилтын үндэс нь олон нийтийн ятган ухуулах ажиллагааных нь үр дүн мөн. “Цөмийн эрчим хүч” гэдэг ойлголтыг 1950-иад оны эхээр шинээр нэвтрүүлсэн ба тухайн үедээ АНУ цөмийн зэвсэг үйлдвэрлэж буйгаа зөвтгөх, олон нийтийг дасган зүгшрүүлэх гэсэн оролдлого байжээ. Тэр үед Батлан Хамгаалан Департаментийн Сэтгэл зүйн стратегийн зөвлөлд зөвлөхөөр ажиллаж байсан Стефан Поссони гэгч “хэрэв атомын эрчим хүчийг бүтээлч зорилгоор ашиглаж эхэлвэл [хүмүүс] атомын бөмбөгийг илүү нааштай хүлээн авна” гэж тайлбарлаж байжээ. Ийнхүү АНУ-ын ерөнхийлөгч Двайт Эйзенхауэр 1950-иад оны эхээс “Энхийн атом” гэдэг хэллэгийг нийтэд дэлгэрүүлэн гаршуулжээ.
Цөмийн эрчим хүч үйлдвэрлэх, цөмийн зэвсэг үйлдвэрлэх нь нэг ижил технологи. 1000 мегаваттын хүчин чадалтай цөмийн реактор жилд 600 паунд (300 кг орчим) плутони ялгаруулдаг. Атомын бөмбөг хийхэд түүний өчүүхэн хэсэг нь хангалттай бa плутони нь 250 мянган жилдээ цацраг идэвхээ хадгалдаг. Тиймээс АЦС-тай улс бүр хязгааргүй хүчин чадалтай цөмийн зэвсгийн үйлдвэр эзэмшиж буйгаас өөрцгүй. Цөмийн эрчим хүчний салбарынхан цөмийн технологи буюу атомын бөмбөг үйлдвэрлэх технологийг хэдэн арван цөмийн зэвсэггүй улс орнуудад наймаалж буй нь урьд хожид үзэгдээгүй явдал юм.
Аймшигт гамшиг, сүйрэл, асар их санхүүгийн гарз хохирол, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тэмцэл, цөмийн хаягдлаас үүдсэн хорт хавдарын тархалт, ирээдүй хойч үеийнхэнд заналхийлэх төрөлхийн гажиг хөгжил–энэ бүгдийг бид харсаар, мэдсээр байтал чухам ямар учраас өнөөдрийг хүртэл цөмийн эрчим хүч ашиглах тухай асуудал тавигдсаар байна вэ? Товчхондоо бол “цөмийн эрчим хүч аюулгүй, цэвэр, байгальд ээлтэй” гэсэн цөмийн салбарынхны амны уншлаганд цөөнгүй эрх баригчид, албаны хүмүүс итгэдэгт учир нь оршдог. Мөн олон нийт ч энэ асуудлаар мэдлэг боловсрол дутмаг байдаг.
Гэвч өөрчлөлтийн зарим нэг шинж тэмдэг мэдрэгдэж эхэлж байна. Герман улс цөмийн эрчим хүчнээс 2022 он гэхэд татгалзахаа зарласан. Итали, Швейцарь улсууд ч татгалзахаар шийдсэн, Японд цөмийн эсрэг үзэлтнүүд хүчээ авч эхэлж байна. Хятад улс цөмийн эрчим хүчний асуудалд хянамгай хандаж байгаа. Гэсэн ч АНУ, Их Британи, ОХУ, Канад улсад цөмийн эрчим хүчний төлөөx улангасал үргэлжилсээр. Цөмийн салбарынхан шинээр бүтээсэн модулар болон “дэвшилтэт” реакторуудаа сурталчилж, уламжлалт реакторуудаас хавьгүй боловсронгуй хувилбар хэмээн баталсаар. Үнэндээ шинэ реакторууд нь уламжлалт технологитой яг л ижилхэн осол аваар, террорист халдлага, хүнээс шалтгаалах алдаа гэсэн аюул эрсдэлд эмзэг. Цөмийн бөмбөгөнд ашигладаг задрамхай бодис ялгаруулж, цөмийн хаягдал өвлүүлж үлдээдэг нь ч өөрчлөгдсөнгүй...” хэмээн бичсэн байгаа юм.
Тэгэхээр уран гэгч түүхий эдийг энхийн зорилгоор ашиглахад ч ямар их эрсдэлтэйг энэ маягаар бид бүхэн харж байна. Тэгвэл манай улс цөмийн технологийн салбарт 60 төсөл хэрэгжүүлээд байгаа гэсэн. Цаашлаад уран олборлож, экспортлогч улс болох зорилготой гэж буй. Тэгснээр нийгэм, эдийн засаг, геополитикийн хувьд маш их хэрэгтэй гэсэн зүйлийг салбар хариуцсан газрын эрхмүүд хэлдэг. Мөн орчин үеийн олборлолт, боловсруулалтын технологиор байгаль орчин, хүн, амьтанд хор хөнөөлгүй аргаар олборлож, боловсруулах боломжтой болсон гэж буй.
Ямартай ч дээр өгүүлсэнчлэн Японы Засгийн газартай хуйвалдсан байж болзошгүй гэх Францын “Арева” компани манайд шар нунтаг гарган авах туршилт хийж байгаа. Тэгээд зогсохгүй тус компанийн охин компани Кожеговь компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор 12 тугал үхсэн байж болзошгүй гэх асуудал ч үүссэн билээ. Харин ЦЭГ-аас өгч буй мэдээллээр бол “...“Кожеговь” ХХК одоогоор ураны олборлолт явуулаагүй, зөвхөн технологийн туршилтын ажил хийсэн. Ураны хайгуулаас шалтгаалж мал амьтан үхсэн, байгаль орчин бохирдсон тохиолдол гараагүй. Цөмийн энергийн газраас хайгуулын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд байнга хяналт тавьж ажиладаг” гэж буй юм. Тэгэхээр технологийн туршилтын үедээ бол тэд алдаа гаргаагүй гэсэн үг бололтой байгаа.
Харин цаашдаа үнэхээр хор хөнөөлгүй байх эсэхийг дарга нарын үгс бус, бодит байдал өөрөө батлаад өгөх биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )