Өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас “Зөвлөлдөх уулзалт” зохион байгууллаа. Тус яам хүнд, хөнгөн, хүнсний үйлдвэр, мал аж ахуй, газар тариалангийн салбарыг бүхэлд нь хариуцан ажиллаж эхэлснээс хойш анх удаа Олон улсын байгууллага болон Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөллийг оролцуулан тус салбарын чиглэлээр 2013-2016 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийн цаашид хэрхэн хамтран ажиллах тухай харилцан ярилцсанаараа онцлог болж байна.
Энэ удаагийн уулзалтанд Гадаад улс, орнуудаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид болон НҮБ-ын ХХААБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон холбогдох бусад газрууд өргөнөөр оролцож тус салбарт цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон үр дүнтэй уулзалт болон өндөрлөлөө.
Тус зөвлөлдөх уулзалтад оролцсон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал “Уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөх, төрөлжүүлэн хөгжүүлэх, түүхий эдийн нөөцөө үр өгөөжтэй ашиглах зорилтын хүрээнд боловсруулах үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд манай яам онцгойлон анхаарч ажиллаж байна.
Хэдийгээр бид Үйлдвэржүүлэх бодлогод тэргүүлэх ач холбогдлыг өгч байгаа ч хүн амыг эрүүл найдвартай хүнсээр, үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах учиртай хөдөө аж ахуйн салбарыг орхихгүй. Нэгэнт хүрсэн ололт амжилтыг бататган цаашид тогтвортой хөгжүүлэхийг чухал зорилтоо гэж үзэх болно.” хэмээн хэлж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )