Үндэсний Статитистикийн Хорооноос 2013 оны эхний 2 сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээллээ. Тэдгээрээс Макро эдийн засгийн үзүүлэлтийн талаарх мэдээллийг хүргэе.
Хэрэглээний үнийн улсын индекс 2013 оны 2 дугаар сард өмнөх сарынхаас 1.0 хувь, оны эхнээс 2.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 11.3 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 3.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2013 оны 2 дугаар сарын эцэст 7240.1 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 104.2 тэрбум төг буюу 1.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1002.5 тэрбум төг буюу 16.1 хувиар өсчээ.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2013 оны 2 дугаар сарын эцэст 675.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 66.5 тэрбум төг буюу 9.0 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 тэрбум төг буюу 0.3 хувиар өсчээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 2 дугаар сарын эцэст 7168.5 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 26.5 тэрбум төг буюу 0.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1462.3 тэрбум төг буюу 25.6 хувиар өсчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 2 дугаар сарын эцэст 110.9 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 5.4 тэрбум төг буюу 5.1 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 49.7 тэрбум төг буюу 81.2 хувиар өсчээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2013 оны 2 дугаар сарын эцэст 305.9 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 1.9 тэрбум төг буюу 0.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 17.4 тэрбум төг буюу 5.4 хувиар буурсан байна.
Үнэт цаасны арилжаа 2013 оны 2 дугаар сард 18 өдөр явагдаж, 3.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 2.7 сая ш үнэт цаас арилжигдсан байна.
Улсын нэгдсэн төсвийн орлого тусламжийн нийт хэмжээ 2013 оны эхний 2 сард 699.1 тэрбум төг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 615.3 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 83.8 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Нэгдсэн төсвийн урсгал орлого 2013 оны эхний 2 сард 672.3 тэрбум төг, урсгал зардал 559.8 тэрбум төг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 112.5 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 33.6 тэрбум төг буюу 5.7 хувиар өсөхөд бусад татварын орлого 54.7 тэрбум төг буюу 52.4 хувь, гадаад худалдааны татварын орлого 10.1 тэрбум төг буюу 21.4 хувиар буурсан хэдий ч орлогын албан татварын орлого 42.8 тэрбум төг буюу 30.0 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 28.3 тэрбум төг буюу 35.2 хувь, дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 26.1 тэрбум төг буюу 12.1 хувь, өмчийн татварын орлого 1.1 тэрбум төг буюу 52.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 8.0 тэрбум төг буюу 10.0 хувиар буурахад газрын тосны орлого 14.4 тэрбум төг буюу 3.3 дахин, хүү, торгуулийн орлого 2.3 тэрбум төг буюу 28.3 хувиар өссөн хэдий ч хувьцааны ногдол ашгийн орлого 10.2 тэрбум төг буюу 99.8 хувь, бусад нэр заагдаагүй орлого 6.2 тэрбум төг буюу 60.4 хувь, төсөвт газрын өөрийн орлого 4.8 тэрбум төг буюу 12.7 хувь, навигацын орлого 3.2 тэрбум төг буюу 48.0 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2013 оны эхний 2 сард 615.3 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 66.8 тэрбум төг буюу 9.8 хувиар буурахад бараа, үйлчилгээний зардал 80.8 тэрбум төг буюу 35.6 хувиар өссөн хэдий ч хөрөнгийн зардал 95.8 тэрбум төг буюу 81.0 хувь, татаас ба шилжүүлгийн зардал 37.0 тэрбум төг буюу 11.6 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 11.1 тэрбум төг, зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 3.7 тэрбум төг буюу 27.3 хувиар буурсан нь нөлөөлжээ.
Монгол Улс 2013 оны эхний 2 сард дэлхийн 93 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1317.3 сая ам.долл, үүнээс экспорт 506.1 сая ам.долл, импорт 811.2 сая ам.долларт хүрчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2012 оны 2 дугаар сард 154.8 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2013 оны 2 дугаар сард 88.6 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 66.2 сая ам.долл буюу 42.7 хувиар буурчээ.
Өмнөх оны мөн үеийнхээс нийт бараа эргэлтийн хэмжээ 148.6 сая ам.долл буюу 10.1 хувь, импортын хэмжээ 128.1 сая ам.долл буюу 13.6 хувь, экспортын хэмжээ 20.5 сая ам.долл буюу 3.9 хувиар буурчээ.
Экспортын 97.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )