Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл энэ оны эхний 2 сард 330.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.1 хувиар өсчээ. Энэ өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын газрын тос, нүүрс, төмрийн хүдэр, алт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 14.8 хувиас 2.0 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарын хивс, бууз, банш, нарийн боов, талх, шар айраг, сүлжмэл эдлэл, төмөр замын дэр мод, гурил, хиаман төрлийн бүтээгдэхүүн, металл бэлдэц, металл бэлдмэл зэрэг үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.9 хувиас 2.7 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Төмөр замын тээврээр оны эхний 2 сард 2985.2 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 609.4 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 335.1 мянган тонн буюу 10.1 хувь, зорчигчдын тоо 8.5 мянган хүн буюу 1.4 хувиар буурчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо буурснаар төмөр замын тээврийн салбарын орлого оны эхний 2 сард 53.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 21.9 хувиар буурчээ.
Агаарын тээврээр оны эхний 2 сард 527.2 тонн ачаа, давхардсан тоогоор 108.0 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 33.0 тонн буюу 5.9 хувиар буурч, зорчигчдын тоо 14.0 мян.хүн буюу 14.9 хувиар өсчээ. Зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2013 оны эхний 2 сард 30.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.8 хувиар өсчээ.
Сэтгэгдэл ( 0 )