- Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгаар багагүй хугацаанд овоглосон Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Эрдэнэдалайн Бүрнээбаяр өдгөө чөлөөт уран бүтээлч гэгдэж буй. Дуудсан цагт нь оччихоод бусад үед өөрийнхөө уран бүтээлд анхаарч байгаа гэсэн.
- Түүний нэрийн хуудас болсон “Амьдрал аа, би чамд хайртай” дууг МҮОНТВ-ийн “Амьдрал” нэвтрүүлгээр зохиомж болгон гаргасан ч одоо хүртэл клип хийлгээгүй. “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамт дуулах үедээ л энэ тухай санасан гэж байгаа.
- Бүр бага байхдаа л урлагийн хүн “болчихсон” Э.Бүрнээбаяр төмөр цагаан орныхоо урдуур хөшиг татаад л дуулж хуурддаг байсан тухайгаа одоо ч дурсдаг.
- Наймдугаар ангиа төгсөөд нийтийн ахуйн үйлчилгээний техник мэргэжлийн сургуулийн европ хувцасны оёдол эсгүүрийн ангид сурах хуваарь авчээ. Гэвч сургуульдаа орох гээд иртэл орон тоо гүйцсэн гээд аваагүй тул аргагүй эрхэнд үсчин-фото зургийн ангид сурсан аж.
- Дизайнер болж чадаагүй ч гэсэн, өөртөө болон хүүхдүүддээ хувцас оёчихдог уран бүсгүй ямар ч зүйлд мэдрэмжтэй байхыг хүсдэг гэсэн. Гоё чамин хувцас хэрэглэл сонгохын тулд хөлөө эцтэл дэлгүүр хэссэн ч уйддаггүй.
- Санхүү эдийн засгийн чиглэлээр сурч байсан бага охин нь нэг л өдөр “Ээж ээ, би энэ насандаа аз жаргалтайгаар хийх мэргэжлээ олчихлоо. Би ер нь загварын чиглэлээр сурна” гэж хэлжээ. АНУ-ын Калифорнийн их сургуулийг удахгүй төгсөх охиноо тэрбээр ихэд дэмждэг юм билээ.
- “Сэлэнгийн долгио” чуулгад сайн дураараа дуулж, тоглолтод нь оролцож явахдаа их урам зоригийг авч. Гэвч багш нь “Чи эвлэгхэн дуулдаг ч, дуучин болох хүн биш. Эртхэн амьдралаа бод” гэснийг нь тоогоогүй. Тэр алдаагүй, харин ч бүр хожсон шүү дээ.
- Урлагийнхан дундаа л намхан нуруутайд тооцогддог шавилхан биетэй дуучин маань зарим үед “Жаахан өндөр нуруутай байсан бол ямар гоё вэ” гэж бодно оо, бас.
- Тахимаа шүргэсэн урт гэзэгтэй байсныг нь мэдэх хүн ховор. “Их өтгөн учраас хогийн шүүр шиг сарвайгаад хэцүү гэж яана. Тэгэхээр нь нэг удаа гэзгээ тайруулаад үсчин эгчид бэлэглэчихсэн. Түүнээс хойш нэг их ургуулаагүй ээ” хэмээн ярьсан Э.Бүрнээбаяр өөрөө өөртөө үсчин, гоо сайханч болчихдог юм байх.
10. “Бурханы бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй” гэдэг нь үнэн. Нүүрнийхээ арьсыг татуулж, хамраа өндөрлүүлсэн гэж түүнийг хардах хүн ч олон. Харин тэр үгүйсгэсээр...
11. Уг нь хэдэн жилийн өмнө нүдэндээ давхраа хийлгэсэн юм билээ. “Өрөөсөн нүд минь давхраатай болохоор их хэцүү байсан. Давхраагүй зовхин дээрээ харандаагаар зурж л “аргална” шүү дээ, тухайн үед. Гэхдээ алийн болгон зурж явах вэ. Давхраа хийлгэхээс өөр аргагүй болсон” гэж ярьснаа мартаагүй байх.
12. “Уран бүтээлч хүн бурханаас илгээгдсэн тусгай даалгавартай элч” гэж сонссон. Тэгэхээр бурханы өгсөн даалгаврыг сайн биелүүлж, бусдыг баярлуулж бахархуулах ёстой гэж хичээдэг нэгэн.
13. Энэ яваа насандаа бор дарсанд дурлаж үзээгүй. Найзууд нь шоудахаараа дуудах дургүй болсон нь ч үүнтэй холбоотой.
14. Тамхи татаж сурах гээд нулимсаа гартал ханиалгасан хөгтэй түүх бий. “Дээхнэ үед сонирхолдоо хөтлөгдөөд тамхи жаахан сорж үзсэн. Татаж чадахгүй юм билээ” гэж дурссан шүү.
15. Анхны ханиасаа салаад олон жил ганцаараа яваа өрх толгойлсон эмэгтэй. Гурван сайхан хүүхэд төрүүлж, зээ охинтой болсондоо сэтгэл хангалуун явдаг гэсэн.
16. 42 насныхаа босгон дээр чуулгын хөгжимчнөөр орсон 20-той залуугийн хайрыг татаж, найман жил хамт амьдарсан. Залуу амраг нь түүний хамаг мөнгийг аваад Солонгос руу зугтсан гэдэг нь худлаа.
17. Олны яриаг үл ойшоон сонгосон амьдралдаа нэг л өдөр цэг тавьж хайртыгаа явуулж чадсан эгчмэд амраг. Мэдээж хэрэг, эхний хоёр сар санаж гутраад хэцүү байсан нь үнэн.
18. Амжилт, алдар нэр, авьяас чадвар гээд түүнд дутуу заяасан юм алга. “Яах вэ, амьдрал минь тэгш бус өрнөсөн ч би нэг их гутардаггүй. Хүн болж төрөөд үзэж, туулах ёстой бүхнийг давж гарсан. Тиймээс амьдралд хайргүй байхын аргагүй” хэмээсэн дуучин бүсгүй амьдралаас санаж сарвайсан бүхнээ авсан гэдэг.
19. Ахиад амьдрал зохиох талаар бодоогүй гэсэн ч, сэтгэлдээ хайрлаж хүндэлж явдаг хүнтэй гэнэ лээ.
20. “Мөрөөдлийн” нэртэй зөв хооллолтын клубт яваад дөрвөн жил болсон. Аливаа зүйлийг сайн сайхан гэгээтэй талаас нь харж мэдэрч байгаасай гэж боддог учраас тэр.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 8 )
Баточир
Бурнээбаяр
Намайг Шаамарын ТМС-д байхад Шаамарын 20 жилийн концертыг До********ж Цэрэндулам гуай нар найруулж анх Бүрнээбаяртай танилцаж билээ Тэр үед Одны тухай дуу дуулсан санагдана Мундаг дуучин болох эхлэл нь байсан байх Чамд амжилт хүсье
Яаж толгой нь эргэхээрээ хүүхэд шигээ хүнтэй ханилж байсан байнааа
TANIIG HVDELCH BNA ARD TVMENDEE ULAM IHIIG BVTEEGEEREI AMJILT HVSEI