Өнөөдөр дэлхийн хөрөнгийн захын гол индексүүдийг харахад Америкийн үйлдвэрлэл, үйлчилгээний үзүүлэлтүүдийг илтгэгч индексүүд өсөлттэй байгаа бол Ази, Европынх холимог байдалтай байна. АНУ-ын тухайд эдийн засгийн сүүлийн үеийн мэдээллийг харахад эдийн засаг сайжирна гэсэн хүлээлт байна. Ажилгүйдлийн түвшинг хоёрдугаар сард 7.7-д хүргэж бууруулж чадсан мөн хөрөнгийн зах зээлд оролцогчид хувьцаануудын өсөлтөөс ашиг олж байгаа мэдээлэл гарч байгаа. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн сэргэлт болоод хар салхины дараах сэргээн босголтын ажлууд гарсан нь барилгын салбар дахь ажлын байрыг нэмэгдүүлсэн байгаа юм.
Мөн тус улсын Dow Jones индекс өнгөрсөн 7 хоногт түүхэндээ анх удаа 14,200-ийн босгыг давсан нь тус улсын эдийн засаг эргээд сэргэж байгааг илтгэсэн үзүүлэлт болсон. Тус улсын Холбооны нөөцийн сангаас эдийн засгаа илааршуулахын тулд сар бүр эдийн засагтаа санхүүжилт хийж байгаа билээ.
За харин манай өмнөд хөршийн тухайд экспортын гол зах зээлүүд нь АНУ, Европ. Тэгвэл тэдний эдийн засгийн зогсонги, уналттай байдлаас үүдэн дардан замаар явж чадахгүй байсан Хятадын экспорт энэ оны эхний 2 сард өмнөх жилтэй харьцуулахад шинжээчдийн тооцоолж байснаас 15 хувиар илүү өсөлттэй гарсан байгаа. Харин зэрэгцээд тус улсын инфляци 3.2 хувийн өсөлттэй гарав. Ер нь бол эдийн засаг буцаад сэргэж байгаатай холбоотойгоор инфляцийн дарамт харьцангуй өндөрсөж байгаа бололтой. Хэрэв тус улсын төв банк мөнгөний зөөлөн бодлогоо баримталсан хэвээрээ байвал инфляци өсөхөөр прогнозтой байгааг шинжээчид тэмдэглэж байгаа юм. Ямартай ч тус улсын шинэ удирдлагууд нь баян, ядуугийн зөрүүг арилгахад чиглэсэн бодлого баримтлахаа тодорхой болгоод байгаа. Тэгвэл сайн мэдээтэй зэрэгцэн саар мэдээ ч бас бий. Тус улсын аж үйлдвэрлэлийн гарцын түвшин нь 2009 оны эхэн үеэс хойшхи хамгийн сул байдалтай байгаа бол жижиглэн худалдааны өсөлт ч тааруу гарсан юм.
Азийн тэргүүлэгч эдийн засаг ийм байгаа бол найман оны хямралын дараа Хятадуудад гүйцэгдсэн Япон Улсын тухайд Төв банкны Ерөнхийлөгчөөр нь ажиллах эрхэм тодорхой болоод байгаа билээ. Ер нь бол эдийн засгийн бүтцээ өөрчлөх ёстой гэсэн төлөвлөгөөтэй байгаа Ерөнхий сайд Шинзо Абэ төсөв, мөнгөний зөөлөн бодлогыг дэмжиж буй. Түүний удирдаж буй Засгийн газраас улсынхаа эдийн засгийн статистикийн гүйцэтгэлийг албан ёсоор мэдээлээд байгаа юм. Ямартай ч эдийн засаг нь 2012 оны 4 дүгээр улиралд жилийн 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан нь шинжээчдийн таамаглалтай харьцуулахад сайн мэдээ байв. Харин нөгөө талд сайн мэдээг дагасан хар явж байна. Тэр нь Шинзо Абэгийн Засгийн газар эдийн засаг дахь улстөрийн нөлөөллийг харуулж байна гэсэн шүүмжээр илэрч байгаа юм.
Гэхдээ улс орнуудын эдийн засгийн төлвийг харахад тэд өсөлт рүү тэмүүлж байна.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )