Татварын Ерөнхий Газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын Утсаар зөвлөгөө өгөх 1288 лавлах утсанд татвар төлөгчдөөс хандсан асуултууд, түүний хариултыг цувралаас хүргэдэг. Энэ удаа НӨАТ-ын талаарх зарим нийтлэг асуулт, хариултыг дор сийрүүлэв.
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үндэслэлийг хэлж өгөөч ?
НӨАТ-ын тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.1.10-т "нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар, эсхүл иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг" гэж заасны дагуу НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх үндэслэл болно.
Татварын тайлан хоцрооход ямар хариуцлага хүлээх вэ?
ТЕХ-ийн 75 дугаар зүйлийн 75.1.3-т зааснаар татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй татвар төлөгч хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг.
Гадаад улс руу үйлчилгээний төлбөр шилжүүлэхэд НӨАТ тооцох уу?
НӨАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т "Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд, түүнчлэн оршин суугч бус хувь хүний Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10.0 сая төгрөг ба түүнээс дээш байвал энэ хуулийн 7.1.4 т зааснаар НӨАТ ногдох бараа ажил үйлчилгээнд хамаарна гэж заасны дагуу шийдвэрлэнэ.
Барилга угсралтын компани НӨАТ-ын борлуулалтаа хэзээ хүлээн зөвшөөрөх вэ?
НӨАТ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т " барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад" гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна.
Шинээр НӨАТ төлөгчийн гэрчилгээ авсан компани НӨАТ-ын падааны программтай ажиллах талаар зөвлөгөө өгөөч?
YATENTRY 3.0 программ татаж, байгууллагын тохиргоог оруулан цахим тайлангийн системийн "программ татах" цэс рүү нэвтрэн татвар төлөгчийн баазыг татаад 3.0 программд уншуулан татварын албанаас авсан багц падааны дугаарыг программд шивж оруулна.
Сэтгэгдэл ( 1 )
НӨАТ төлөгч болохын тулд бүрдүүлэх материалуудыг хэлж өгөөч