Дөрөвдүгээр цахилгаан станцыг 100 мВт-аар өргөтгөх төслийн явцын талаар тус станцын гүйцэтгэх захирал Б.Цэвээн Эрчим хүчний яамны шуурхай зөвлөгөөнд танилцууллаа.
Эрчим хүчний яам, Хөгжлийн банкны төлөөлөл бүхий ажлын хэсэг ДЦС-4 ХК-ийг өргөтгөх төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй ОХУ-ын Уралын турбины заводод энэ сарын 11-15-ны өдрүүдэд ажиллаад ирсэн байна. Уралын турбины үйлдвэр нь манай улсад нийлүүлэх Т-120-130 маягийн турбины эд ангийг хэвийн үйлдвэрлэж байгааг ажлын хэсгийнхэн газар дээр нь үзээд одоогийн байдлаар турбин үйлдвэрлэх ажиллагаа графикт хугацаандаа явж тухай мэдээллийг яамны удирдлагуудад өглөө. Мөн турбины өндөр нам дунд даралтын роторын бэлдцүүд, генераторыг металлургийн болон генераторын үйлдвэрт захиалж ажлыг эхлүүлээд байгаа гэрээ хэлэлцээртэй танилцаад ирсэн байна.
Улаанбаатарын шинэ эх үүсвэр ашиглалтад ортол цахилгаан дулааны өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хаах уг төслийн гэрээнд 2012 оны 11 дүгээр сард гарын үсэг зурсан бөгөөд Засгийн газрын 119 дүгээр тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлээд байгаа билээ. Төсөл хэрэгжсэнээр тус станцыг цахилгаанаар 100 мВт, дулаанаар 188 Гкал/цагаар өргөтгөж 2014 оны өвлийн их ачааллын өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )