Хоёрдугаар сард инфляци улсын хэмжээнд өмнөх сарынхаас 1.0 хувь, оны эхнээс 2.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 11.3 хувиар өссөн бол Улаанбаатар хотын хэмжээнд өмнөх сараас 1.1 хувь, оны эхнээс 2.7 хувь, өмнөх оны мөн үеэс 11.1 хувиар өссөн байгаа. Манай тухайд төв банкнаас инфляцийг онилсон мөнгөний бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн эрх үүргийн хүрээнд 12 Мөнгөний бодлогын зөвлөлийг байгуулан ажиллаж байгаа. Уг зөвлөлийн онцлог нь мөнгөний бодлогын шийдвэр гаргалтад гаднаас оролцох хараат бус гишүүдийн тоог нэмсэн төдийгүй цаашид ч уян хатнаар нэмэх бодлого баримталж байгаа юм.
Тэгвэл инфляцийг онилох мөнгөний бодлогын арга хэлбэрийг амжилттай хэрэгжүүлж буй төв банкуудын мөнгөний бодлогын шийдвэр мөнгөний бодлогын зөвлөлөөр дамжин гарах явдал олон аж.
Инфляцийг онилох мөнгөний бодлогыг хэрэжүүлж буй Азийн орнууд (Тайланд, Солонгос), Скандинавын хойгийн орнууд (Норвеги, Финлянд), Европын орнууд (Англи, Польш, Чех, Исланд, Израил, Испани, Унгар), Америк тивийн орнууд (Чили, Бразил, Колумби, Мексик, Канад) мөнгөний бодлогын шийдвэрийг мөнгөний бодлогын зөвлөлөөр хэлэлцүүлэн гаргаж байгаа аж.
Ер нь бол орчин үеийн төв банкуудын мөнгөний бодлогод гарч буй чухал дэвшлүүдийн нэг нь дан ганц хүний шийдвэр гаргалтаас зөвлөлийн шийдвэр гаргалтанд шилжиж буй явдал аж. 1990-ээд оны дундуур нөлөө бүхий төв банкууд болох Английн төв банк болон Японы төв банк мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр гаргалтанд шилжсэн үеэс мөнгөний бодлогын зөвлөл бусад улс орнуудын анхаарлыг онцгой татах болжээ.
Сэтгэгдэл ( 0 )