Буухгүй, өсч болзошгүй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 19

Өнөөдөр дэлхийн хөрөнгийн захын  өнгийг харахад Америк, Европын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үзүүлэлтүүдийг илтгэгч голлох индексүүд уналттай байна. Харин азийн захуудын гол индексүүд болох Nikkei өсөлттэй, Hang Seng, S&P уналттай тэмдэглэгджээ. Ерөнхийдөө хөрөнгийн зах уналттай байна гэж харж болохоор байна. Харин бараа таваарын зах зээлийн тухайд Bloomberg унц алтыг 1,602.70 ам.доллар, баррель түүхий нефтийг 109.20 ам.доллар байгааг уламжилж байна. 

Ер нь бол  өнгөрөгч долоо хоногт дэлхийн эдийн засагт голлох нөлөөллийг үзүүлсэн мэдээллүүд нь БНХАУ-ын шинэ удирдагчид эрх мэдлээ хүлээж авсан явдал болоод Япон улсын Төв банкны Ерөнхийлөгчийн албан ёсны томилгоо зэрэг анхаарал татсан асуудлууд байлаа. Хятад гүрний шинэ Ерөнхий сайд Ли Ке Ченг ажлаа хүлээж аваад хотуудын хотуудын эдийн засгийг хөгжүүлэх реформ хэрэгжүүлж, нийгмийн эрүүл хөгжлийг тодорхойлох болно гэдгээ мэдэгдсэн. За харин эдийн засгийн багтаамжаараа Хятадын дараа гишгэдэг болсон Япон улсын төв банкны ерөнхийлөгчийн томилгоо тус улс мөнгөний зөөлөн бодлого баримтлан дефляцийг арилгаж, инфляцийг 2 хувиас дээш гаргана гэсэн амлалтаа биелүүлэхийн төлөөх шийдвэрүүд гаргана гэсэн хүлээлтийг бий болгоод байгаа. Мөн эдийн засагт нөлөөлсөн чухал асуудал бол Кипр улсын эрх баригчид банкны хадгаламж эзэмшигчдээс татвар авахаар шийдвэрлэсэн тухай мэдээлэл юм.  Долоо хоногийн сүүлчээс энэ мэдээлэл гадагшилсан бөгөөд иргэд банкуудаас хадгаламжаа татаж эхэлсэн юм. Энэ нь эдийн засагт томоохон цохилт болж Евро бүс ба Олон Улсын Валютын сан тус улсад 10-15 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр болсон юм. Энэ нөхцөл байдал нь еврогийн ханшийг ам.долларын эсрэг энэ жилийн хамгийн том уналтаа хийхэд нөлөөлсөн юм.

Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн тухайд БНХАУ-н бенчмарк нүүрсний үнэ 615 юань буюу 98.85 ам.долларт хүрч буурсан нь 2009 оны 10 дугаар  сараас хойшхи хамгийн доод түвшин рүү буусан явдал болжээ. Учир нь “Qinhuangdao” боомт дээрх нүүрсний нөөц 3.6 хувиар өсч, 7.45 сая тоннд хүрснээс гадна тус улсын эрчим хүчний үйлдвэрлэл болон хэрэглээ эхний хоёр сарын хугацаанд буурсан үзүүлэлттэй гарсан  байна.

 БНХАУ 2013 оны эхний хоёр сарын байдлаар 53.85 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар өссөн хэмжээ аж.

Газрын тосны ханшийн мэдээллийг харахын тулд БНХАУ-ын нөхцөл байдлыг харах хэрэгтэй. Тус улсын аж үйлдвэрийн хэмжээ болон дотоодын зээлийн хэмжээ буурсан, мөн Саудын Араб улс түүхий нефтийн нийлүүлэлтээ 100,000 баррелиар нэмж 9.15 саяд хүргэсэн зэрэгтэй холбоотойгоор ханш буурсан үзүүлэлт тэмдэглэгдэж байсан. Харин долоо хоногийн дундуур  “Dow Jones”, “S&P 500” зэрэг зах зээлийг тодорхойлогч индексүүд өсөөд байсан нь хөрөнгө оруулагчдын түүхий нефть  худалдан авах сонирхлыг нэмэгдүүлж, улмаар ханшийг өсгөсөн. Ерөнхийдөө хөрөнгийн зах зээлийн мэдээллүүд нефтийн ханшид нөлөөллөө идэвхитэй үзүүлж байна гэсэн үг юм.

За харин улаан металлын ханшийн тухайд харьцангуй тогтвортой байгаа. Ер нь бол ам.долларын ханш бусад валютуудын эсрэг чангарах байдал давамгайлж байгаа нь таваарын зах дахь түүхий эдүүдийн ханшийн өсөлтийг хязгаарлаж байгаа юм. Гэхдээ манай өмнөд хөрш Хятад болоод бусад улсуудын зэсийн худалдан авалт өснө гэсэн таамаглалыг шинжээчид хийсэн хэвээрээ байна. Энэ нь ханш өсөх магадлалтай гэсэн үг юм.

Э.Болор

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top