Хятадын төрийн өмчит компаниуд зэвсгийн экспортод ноёрхсоор

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 19

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улс болох Хятад, Франц, ОХУ, Их Британи, АНУ гэсэн таван улс жил бүр дэлхийн улс орнуудад нийлүүлж буй 100 тэрбум орчим долларын өртөг бүхий цөмийн бус зэвсгийн худалдааны 50-иас илүү хувийг эзэлж байгааг Эмнести Интернэшнл тодотгож байна. Тиймээс зэвсгийн худалдаанд хяналт тавих үр нөлөө бүхий Зэвсгийн Худалдааны Гэрээг батлахад эдгээр таван улс гол үүрэг хүлээх шаардлагатайг ч сануулж байгаа юм.

SIPRI-аас гаргасан  зэвсэг болон цэргийн тоног төхөөрөмжийн үндсэн төрлийн нийлүүлэлтийн талаар ээлжит илтгэлд өгүүлснээр дэлхийн зэвсгийн наймаа 2007-2011 онд өмнөх таван жилийнхээс  24 хувиар өссөн байдаг. Түүнчлэн Эмнести Интернэшнлээс саяхан гаргасан “Хүчирхэг гүрнүүд хэрцгийллийг зэвсэглэж байна” нэртэй материалд дээрх таван улсын дэлхийн улс орнуудад нийлүүлж байгаа зэвсэг нь олон улсын хүмүүнлэгийн болон хүний эрхийн хуулийн ноцтой зөрчлүүдэд хэрэглэгдсэн, дэмжлэг үзүүлсэн байх өндөр магадлалтай жишээ баримтыг дурджээ.

2012 оны 9-р сард АНУ-ын арми болон Йемений хооронд 1 сая буу, дагалдах хэрэгсэл, RPG пуужин, харвагч мина зэргийг нийлүүлэх тухай гэрээ хийгджээ. АНУ нь Йемений зэр зэвсгийн томоохон нийлүүлэгч болсон ба 2011 онд 4,8 сая долларын өртөг бүхий зэвсэг нийлүүлсэн байна.

“Гэрээ үр нөлөөтэй байхын тулд олон улсын хүмүүнлэгийн болон хүний эрхийн хуулийг зөрчсөн үйлдэлд хэрэглэгдэх, дэмжлэг үзүүлж болзошгүй зэрэг эрсдэл байгаа бол зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг улс орнуудаас шаардаж буй “Алтан дүрэм”-тэй байх ёстой. Мөн эрүү шүүлт, хүчээр сураггүй алга болгох, хуулиас гадуур цаазлах зэрэг олон улсын хуулийн дагуух гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэгдэж болзошгүй зэвсгийн худалдааг бүрэн дүүрэн хориглох ёстой. Хэдийгээр дэлхий даяарх зэвсгийн буруу хэрэглээг зогсооход бүрэн төгс хаалт биш ч зэвсгийн худалдааг хязгаарлах, хяналт тавих Зэвсгийн Худалдааны Гэрээтэй болох нь өнөөдөр айдас дунд амьдарч байгаа олон тэрбум хүмүүсийн аюулгүй байдал, эрхийг хамгаалахад чухал алхам болно” хэмээн Эмнести Интернэшнл үзэж байна.

Хятадын төрийн өмчит компаниуд нь тус улсын цөмийн бус зэвсгийн экспортын дийлэнх хувийг эзэмшиж байна. Тэд сүүлийн жилүүдэд Зимбабве, Конгийн Ардчилсан Бүгд Найрамдах улс, Суданд зэвсэг нийлүүлжээ. Франц улсаас Суданд худалдсан авто тээврийн хэрэгсэл нь тус улсын засгийн газрыг дэмжиж буй Жанжавидийн арми Дарфур мужид хүний эрхийн ноцтой зөрчил үйлдэхэд хэрэглэгджээ. Сири улс нь дээр үеэс дийлэнх зэвсэг, хэрэгслийг ЗХУ-ын үеэс авч байсан ба мөн үргэлжлүүлэн зэвсгийн худалдаагаар 2-рт жагсдаг ОХУ-аас авч байна.

НҮБ-аас 2011 оноос хойш эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг нухчин дарж, 2012 оны 7-р сард засгийн газар, сөрөг хүчний хоорондох зэвсэгт мөргөлдөөн хурцдаж эхэлснээс хойш ОХУ, Хятад улсыг Сирид зэвсэг нийлүүлэхийг хориглосон. Эмнести Интернэшнлээс ОХУ болон ЗХУ-ын үеийн зэвсэг, нисэх онгоц, бөмбөг зэрэг байлдааны тоног төхөөрөмжүүд Сири улсад хэрэглэгдэж байгааг баримтжуулжээ.

Зэвсгийн худалдааг хянах гэрээнд цэргийн зориулалтаар, дотоодын аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагаанд хэрэглэгдэх зэр зэвсэг, түүний дагалдах хэрэгсэл, мөн түүнчлэн технологи, тоног төхөөрөмж зэрэг бүгдийг тусгаж өгөхийг Эмнести Интернэшнл зорьж байгаа аж.

Тиймээс ч Эмнести Интернэшнлийн идэвхтэн, дэмжигчид дэлхийн удирдагчдыг хүний эрхийг хамгаалах үр нөлөө бүхий Зэвсгийн Худалдааг хянах Гэрээг батлахыг шаардан “Дэлхийн Долоо Хоног” үйл ажиллагааг 40 гаруй оронд 3-р сарын 11-17-ны хооронд зохион байгуулаад байна. Тэд үйл ажиллагааны хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад хандан захидал уриалга хүргүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top