Норвегийн сангаас туршлага судалж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 20

Өнөөдөр Төрийн ордонд “Үр ашигтай Баялгийн сангийн удирдлага” сэдэвт олон улсын бага хурал болж байна. Баялгийн сангийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх зорилгоор Сангийн яам Дэлхийн банк хамтран энэхүү хурлыг зохион байгуулж байгаа юм.

Хурлаар байгалийн баялаг ихтэй улс орнуудын Баялгийн санг удирдаж ирсэн талаарх туршлагыг хуваалцаж, Монголын шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдад Монгол Улсын хэтийн хөгжилд  нийцсэн  баялгийн сангийн тогтолцоог бүрдүүлж ажиллахад түлхэц өгөх бодлогын хэлэлцүүлэг өрнөх юм. Хурлын хүндэт зочдоор баялгийн санг амжилттай зохион байгуулж, удирдаж буй олон улсын төлөөлөгчид уригдсанаас Баялгийн сангийн туршлагаараа дэлхийд тэргүүлдэг Норвеги Улсын Сангийн дэд сайд оролцож байна.

Норвегийн сан нь дэлхийд баялгийн сангийн туршлагаараа бусад улс орнуудад загвар болсон том хэмжээний сан юм.Тус улс улсын төсвөө газрын тосны үнийн хэлбэлзлээс ангид байлгаж тогтворжуулах, одоогийн болон ирээдүй үедээ баялгийг хуваарилахын тулд хуримтлал үүсгэх зорилгоор Засгийн газрын тэтгэврийн санг 1990 онд байгуулсан. Тус сангийн хөрөнгөөр эдийн засагт халалт үүсэхээс сэргийлэхийн тулд гадаад зах зээлд хөрөнгө оруулж, сангаас сангийн хөрөнгийн 4% буюу хөрөнгө оруулалтаас олох бодит өгөөжтэй тэнцүү хэмжээг л зарцуулах эрхтэй байдаг аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top